Өнөөдрөөс эхлүүлж болох 10 онлайн бизнесийн санаа

Онлайн бизнес гэхээр хүмүүсийн нийтлэг ойлголт нь технологийн нарийн мэдлэгтэй, код бичдэг, програмист мэргэжилтэй хүмүүсийн хийдэг ажил гэж ойлгодог. Гэтэл жирийн л нэг сэтгүүлч мэргэжилтэй би онлайн бизнес хийгээд 3 жил болж байна. Ковидын улмаас бизнес маань зогсож, орлогогүй нам гацсан үед арга буюу онлайн бизнес гээчийг судалж, туршиж хэрэгжүүлж эхэлсэн юм.

Өмнө нь онлайнаар орлого олох боломж байна гэхээр нэг бол сүлжээний бизнес, нэг бол интернэт луйвар л гэж боддог байлаа. Крипто, форекс, койныг бол дурдалтгүй биз. Хөл хорионд ороод орлогогүй болсон хүнд онлайн бизнесээс өөр аврал байгаагүйг энд дурдах хэрэгтэй.

Ингээд бизнесээ эхлүүлэв ээ. Хамгийн эхний бизнес маань Marketingtools гээд сошл маркетингийн үйлчилгээ үзүүлдэг компани байсан. Фэйсбүүк админ үйлчилгээгээрээ дамжуулж байгууллагуудын сошл маркетингийн ажлыг хийж өгдөг байв. Үүний дараа Acnesolution гээд онлайн дэлгүүрээ нээсэн. Америкийн жороор олгогддог гоо сайхны бүтээгдэхүүнийг оруулж ирдэг байсан юм. Хил гаалийн асуудлаас болоод дэлгүүрээ хаахад хүрсэн.

Гэх мэтчилэн олон зүйл туршиж үзсэний эцэст Онлайн сургалтын бизнес дээрээ тогтсон. Яагаад гэхээр сургалтаараа дамжуулаад олон хүний амьдралд эерэг өөрчлөлт гаргаж байгаадаа баяртай байдаг. Цаашдаа олон хүнийг хувийн бизнесээ эхлүүлэхэд, нэмэлт орлоготой болоход нь туслахыг хүсдэг. Мөн өөрийн чаддаг мэддэг зүйлсийг хуваалцаж, бизнесийг нь илүү хялбар, илүү ашигтай болгохыг хүсдэг.

Хэрэв та хувийн бизнес эхлүүлэхийг хүсдэг ч ямар бараа, үйлчилгээ санал болгохоо мэдэхгүй, ямар бизнес танд тохирохыг мэдэхгүй байгаа бол "Бизнес санаа олох дасгал ажлын дэвтэр"-ийг маань үнэгүй татаж аваарай.

Татаж авах

Гол сэдэврүүгээ орохгүй ийм их зүйл нуршсан шалтгаан нь би чадсан юм чинь та ч бас чадна гэсэн урам зоригийг өгөх гэсэн юм. Гол нь нэг л барьж аваад эхлүүлчих юм бол хүн аргыг нь олдог л юм билээ. Таныг ч бас онлайн бизнесээ эхлүүлээд аз жаргалтай, цаг завтай, хүссэн газартаа аялж яваасай гэж хүсч байна.

За ингээд өнөөдөр эхлүүлж болох 10 онлайн бизнесийн санаатайгаа танилцъя. 

1. Онлайн дэлгүүр

Жил ирэх тусам онлайнаар худалдан авалт хийдэг хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Ирээдүйд ч энэ тоо өсөх болно. Та өөр дээрээ бодоод үз дээ. Чанартай сайн бараатай, түргэн шуурхай хүргэдэг онлайн дэлгүүрээсээ байнга л худалдан авалт хийж байгаа биз дээ? Та ч гэсэн тийм дэлгүүртэй болж яагаад болохгүй гэж. Байнгын хэрэглэгчдийнхээ тоог өсгөж, бараа бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэгдүүлж, хүргэлт үйлчилгээнийхээ чанарыг тасралтгүй сайжруулаад байвал жилээс жилд өсөлт үзүүлэх амжилттай бизнес болно.

2. Хамтарсан маркетинг

Бусад хүмүүсийн бараа үйлчилгээг санал болгож, борлуулалтаас нь урамшуулал авах бизнесийн загвар. Одзаяа бол үүний сонгодог жишээ. Тодорхой тооны дагагчтай, контент бүтээдэг хүмүүст энэ бизнес тохиромжтой. Одоогоор дагагчдын тоо бага ч гэсэн өөрийн контент стратегийг гаргаад ажиллаж болно. Хэрэв та контент хийх хүсэлтэй, бүтээлч хүн бол энэ бизнес танд яг тохирно.

3. Алсын зайны туслах

Уламжлалт бизнесүүд онлайн шилжилт хийж байгаатай холбоотойгоор алсын зайны туслахын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Та алсын зайны туслах болсноор нягтлан бодох бүртгэл, имэйл удирдлага, сошл медиа, захиргаа хүний нөөцийн ажлуудыг онлайнаар гүйцэтгэх боломжтой.

4. Онлайн сургалт

Хэрэв танд тодорхой мэргэшсэн чиглэл байдаг бол өөрийн туршлагаа хүмүүстэй хуваалцаж, онлайн сургалт явуулах боломжтой. Мэргэшсэн чиглэл байхгүй ч гэсэн өөрийн дуртай сэдвээ сонгон суралцаад мэргэшиж болно шүү дээ. Zoom, Skype эсвэл Google Meet аппликэйшнээр онлайн уулзалт хийх, фэйсбүүк групп дээр лайв хийх байдлаар сургалтаа орж болно.

5. Dropshipping - Хэрэглэгч холбож өгөх

Онлайн дэлгүүрийн нэг загвар. Та ханган нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг онлайн дэлгүүр дээрээ байршуулна, ханган нийлүүлэгч өөрөө бараа хүргэлт, бүх менежментийн ажлаа хариуцна. Өөрөөр хэлбэл та хэрэглэгчийг холбож өгөх үүрэг л гүйцэтгэнэ. 

6. Блог нийтлэл бичих

Блог нийтлэл нь өөрийн мэдлэг туршлагаа бусадтай хуваалцах хамгийн түгээмэл, үр дүнтэй арга. Нийтлэлээрээ дамжуулаад аль нэг бизнесийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох байдлаар хамтарсан маркетинг хийж ашиг олдог бизнесийн загвар юм. Та унших дуртай, бичдэг хүн бол энэ бизнес танд яг тохирно.

7. Онлайн көүчинг

Онлайн сургалтаас ялгаатай нь хүн нэг бүртэй тулж ажилладаг. Хувь хүний хөгжил, бизнес, хувийн дасгалжуулалт гээд аль ч чиглэлээр ажиллаж болно. Хэрэв та хүмүүст туслахыг хүсдэг бол энэ бизнес танд яг тохирно. 

8. Уран бүтээл зарах

Хэрэв та уран бүтээлч хүн бол Etsy, Big Cartel болон Society6 платформ дээр өөрийн бүтээлүүдээ зарж болно. Та өөрийн вэбсайттай болох шаардлагагүй, төлбөр тооцоо, сурталчилгаанд ч гэсэн санаа тавих хэрэггүй, эдгээр платформууд өөрсдөө менежментээ хийдэг. 

9. Сошл маркетинг

Сошл маркетингийн ур чадварыг хүсвэл хүн бүр сурах боломжтой. Одоогоор энэ талаар ойлголт байхгүй ч гэсэн суралцаад бизнесүүд, хувь хүмүүст сошл маркетингийн үйлчилгээ үзүүлбэл үнэхээр эрэлт хэрэгцээтэй бизнес.

10. Вэбсайт хийх үйлчилгээ

Та ямар ч код бичих шаардлагагүй бас домэйн, хост төлбөр төлөхгүйгээр үнэгүй вэбсайттай болох боломж олон байдаг. Үүнийг сурч аваад бизнес, хувь хүмүүст загварлаг гоё вэбсайттай болоход туслаарай.

Дээрх санаануудаас аль нэгийг нь барьж аваад эрт эхлүүлэх тусмаа сайн. Бүтэн цагийн ажилтай ч бай, гэртээ хүүхдээ хараад суудаг ч бай, хичээл сургуультай ч бай өөртөө цаг гаргаад дээрх ур чадваруудыг эзэмшээд онлайн бизнесээ эхлүүлээрэй.

Онлайн бизнестэй болохыг хүссэн хүмүүстээ зориулаад Онлайн бизнесийн көүчинг хөтөлбөр явуулдаг бөгөөд хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.