Хэрхэн оновчтой шийдвэр гаргах вэ?

Бид алхам тутамдаа ямар нэгэн шийдвэр гаргаж байдаг. Өглөө ажил дээрээ очоод ямар кофе уух уу, орой гэр лүүгээ харихдаа аль замаар явах уу гэх мэт. Гэхдээ бид ихэнх шийдвэрүүдээ далд ухамсартаа хөтлөгдөн, шийдвэр гаргаж байгаагаа ч анзааралгүй гаргасан байдаг бол заримыг нь маш удаан бодож, тунгаах шаардлагатай байдаг. Эдгээр “чухал” шийдвэрүүд бидний амьдралыг тэр чигт нь өөрчлөх хүчтэй байдаг бөгөөд нарийн төвөгтэй, урьдчилан таамаг боломжгүй асуудлыг шийдвэрлэхэд чиглэдэг байна. Тэгвэл тэрхүү амьдралыг өөрчлөх хүчтэй чухал шийдвэрийг хэрхэн оновчтой гаргах вэ?

1-р алхам: Нөхцөл байдлаа нарийн судлах

Ихэнх тохиолдолд бид анхаарах ёстой чухал хүчин зүйлсийг орхигдуулснаасаа болж буруу шийдвэр гаргадаг. Тиймээс, ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө одоо байгаа нөхцөл байдал болон ирээдүйд үүсэж болох үр дагаврыг олон талаас нь нарийвчлан судлах хэрэгтэй. Ингэхдээ тухайн шийдвэрийг гаргаснаар ямар асуудлыг шийдэх гэж байгаагаа тодорхойлохоос эхлээрэй.

2-р алхам: Оновчтой шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх

Чухал шийдвэр гаргахаасаа өмнө тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзгээ бэлтгэхээс эхлээд шөнөдөө бүтэн нойроо авах, зохистой хооллож өлсөөгүй бас хэт цатгалдаагүй байх зэргээр бэлэн байдлаа хангах хэрэгтэй. Мөн бидний гаргах ихэнх шийдвэр өөр бусад хүмүүст ч мөн хамааралтай байдаг тул хамтдаа ярилцаж хэлэлцэн, санал бодлоо солилцох хүмүүстэйгээ уулзах өдрөө товлоорой.

3-р алхам: Сонголт хийх хувилбаруудыг тодорхой болгох

Таны өмнө аль болох олон сонголт байх тусам эцсийн шийдвэр тань илүү оновчтой байх болно. Иймд өөрийн асуудлаа хэрхэн шийдэж болох талаар эргэцүүлэн бодож, шийдлүүдээ тодорхой жагсаан бичээрэй. Ингэж олон сонголтод хувилбаруудыг бий болгох нь эхэндээ сонголт хийж, шийдвэр гаргахад улам хэцүү болгож байгаа мэт санагдах боловч яг үнэндээ энэ нь асуудлыг өөр, өөр өнцгөөс харахад туслахаас гадна яг шийдвэрээ гаргахдаа зүгээр л “тэр” гээд сонгоход л хангалттай болгож, шийдвэр гарах процессыг илүү хялбаршуулна.

4-р алхам: Сонголтод хувилбаруудаа судлах

Одоо та таны асуудлыг шийдэж чадах шийдлүүдийг жагсаан бичсэн бол тэдгээр тус бүрийн эрсдэл, боломж, үр дагаврыг үнэлэх хэрэгтэй. Жишээлбэл, тухайн сонголтыг хийвэл танаас ямар зардал, хичээл зүтгэл шаардах, ямар саад бэрхшээл тулгарч болох, хэрэв та бүтэлгүйтсэн тохиолдолд танд ямар аюул учрах, эсвэл бүх зүйл амжилттай болсон тохиолдолд таны амьдралд ямар эерэг өөрчлөлт гарах вэ гэдгийг бодоорой.

5-р алхам: Хамгийн сайн хувилбарыг сонгох

Шийдвэрээ гаргах цаг ирлээ. Та өөрт байгаа бүх боломжийнхоо давуу болон сул талуудыг тодорхойлсон тул тэдгээрийг хооронд нь харьцуулан хамгийн зөв гэж бодсон хувилбараа сонгоорой.

6-р алхам: Шийдвэрээ үнэлэх

Та энэ хүртэл маш их цаг хугацаа, хичээл зүтгэл зарцуулах тул гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх урам зоригоор дүүрэн байх болно. Гэхдээ шийдвэрээ хэрэгжүүлэхээсээ өмнө эхлээд дахин нэг удаа бодоод үзээрэй. Алдаа гаргахаасаа өмнө урьдчилан сэргийлэх нь үргэлж дээр байдаг.

7-р алхам: Шийдвэрээ хэрэгжүүлэх

Шийдвэрээ гаргасныхаа дараа тэрхүү шийдвэрт хамааралтай хүмүүст яагаад энэ шийдвэрийг гаргасан талаараа хангалттай мэдээлэл өгөөрэй. Тэгээд уг шийдвэрийг хэрэгжүүлэхэд тэдгээр хүмүүс хэрхэн оролцох тухай хэлж өг. Та энэхүү шийдвэрийг гаргахаасаа өмнө эрсдэл болон үр дагаврыг нь хангалттай судалж авч үзсэн байх тул бусад хүмүүст хэр их мэдээлэл өгнө төдий чинээ бусад хүмүүс таны шийдвэрийг дэмжих магадлал өндөр болно.


Эрхэм таныг "Хувийн менежментийг сайжруулах" 3 сарын ганцаарчилсан көүчинг хөтөлбөрт урьж байна. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.