Сайн уу, Намайг Нямдоржийн МӨРӨН гэдэг!
Яагаад би ментор болъё гэж шийдсэн юм бэ, яагаад гэвэл би бизнес эрхэлж байхдаа асар их ганцаардлыг мэдэрдэг байсан. Бор зүрхээрээ, хэн нэгний дэмжлэг, хөрөнгө оруулалт, заавар зөвлөгөөгүйгээр л ганцаараа бүгдийг хийж ирсэн. Үүнийг зөв гэж яагаад ч хэлэхгүй. Асуудал тулгарах болгонд өвдгөө тэврээд яаж ард нь гарах вэ гэж уйлж суудаг байсансан.
Асуудлаа давж гарахын тулд уншина, суралцана, тэгэх бүр энийг өмнө нь мэдэж байхгүй яав даа гэдэг харамсал байнга төрнө. Тэгээд яг над шиг хүсэл мөрөөдлөөрөө хувийн бизнес эхлүүлэхийг хүсч байгаа, магадгүй миний туулаад ирсэн асуудал бэрхшээлийн өмнө зогсож байгаа хүмүүст ингэж болдоггүйн байна шүү, ингэвэл алддаг шүү гээд анхааруулах, бизнесийнх нь хувьд байж болох зөв шийдлийг хамтдаа олох, ганцаардлыг нь хуваалцах гэж ментор болсон юм.
Бизнес эрхлэн авч явна гэдэг амаргүй ажил, тэр тусмаа өсөлттэй, ашиг орлоготой бизнесийг бүтээх нь бүр хүнд. Ашиг орлоготой бизнесийг бүтээхэд шинэ ур чадварууд, багц мэдлэг хэрэгтэй. Харамсалтай нь олон бизнес эрхлэгч эдгээр ур чадварт суралцахгүйгээр бизнесээ авч явах гээд бүтэлгүйтдэг. Би ч бас тэдний нэг байсан. Бизнес эрхлэн авч явахад шаардлагатай мэдлэг, ур чадварт суралцахгүйгээр, ментор зөвлөхүүдээс туслалцаа авахгүй өөрийнхөөрөө зүтгэсээр байж эцэст нь баахан өр төлбөрт унасан.
Азаар сайн ментор, зөвлөхүүдтэй учирч бизнест өсөлт авчирдаг, батлагдсан аргачлалуудыг сурч авсан юм. Тэр дундаа бизнесийн борлуулалт ашгийг нэмэгдүүлдэг дижитал маркетинг, сошл медиа стратегиар мэргэшсэн. Мөн бусдад зааж сургах нь миний хамгийн дуртай ажил. Та бүхэнд өөрийн мэддэг чаддаг бүхнээрээ тусалж, бизнесээ ашиг орлоготой, аз жаргалтай хийхэд тань тусалъя!