Чухлыг чухал бишээс ялга

Өглөөний 7 цагт ажлаа эхлүүлж, орой 20 цаг хүртэл ажилладаг хэмээн завгүй амьдралын хэв маягаа гайхуулах хүмүүс олон. Эсвэл би өчигдөр шөнө унталгүй ажиллаж, тайлангаа бичиж дуусгалаа гэж өөрөөрөө бахархан ярих хүн ч цөөнгүй. Гэвч яг үнэндээ ихэнх хүмүүс ингэж шаргуу ажилласан ч зорилгодоо хүрч, хүссэн амьдралаа бүтээж чадалгүй эцэстээ стресст орж, амьдралдаа сэтгэл хангалуун бус болж хувирдаг.

Энэ дүр зураг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд илүүтэй ажиглагддаг.  Тэд бүх ажлыг өөрөө амжуулах гэж хичээж явсаар, бизнесийнхээ алсын хараа, цөм зохион байгуулалтад анхаарал хандуулж чадалгүй өдөр хоног, он жилүүдийг өнгөрөөснөөр бүтэлгүйтэх нь ч бий. Иймд бизнес эрхлэгч та энэхүү нийтлэлийг заавал дуустал нь уншиж, ажлаа илүү системтэйгээр зохион байгуулан, ажил амьдралын тэнцвэрээ хадгалах аргад суралцаарай.

ABCD цагийн менежментийн арга

Энэхүү арга нь ажлуудыг оновчтой зохион байгуулж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цаг төлөвлөлтийн арга бөгөөд өөрийн үүрэг, даалгавруудаа A, B, C, D гэсэн 4 зэрэглэлд хуваахаас эхэлнэ.

1. А зэрэглэлийн ажлуудаа оновчтой тодорхойл.

Маргааш танд ямар ч ажил байхгүй байсан бол та юунд гол анхаарлаа хандуулан ажиллах байсан бэ? Ямар ч хурал уулзалт, тайлан тооцоо байхгүй бол та урт хугацааны зорилго, мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу хийх вэ? Эдгээр асуултуудын хариулт нь таны нэн тэргүүний чухал ажлууд юм. Гэхдээ үүнийг заавал хэт томоор авч үзэх шаардлагагүй. Үүнд шинэ хүн ажилд авах, томоохон хамтын ажиллагааны гэрээ боловсруулах, шинэ салбараа нээх зэрэг ажлууд ч багтаж болно. Та эдгээр ажлууддаа нийт ажлын цагийнхаа 20-30%-ийг зарцуулаарай.

2. B зэрэглэлийн ажлуудад анхаарлаа хандуул.

B зэрэглэлийн ажлууд нь таны ажлын байрны тодорхойлолтод өнөөдөр заавал биелүүлэх ёстой гэж заасан үүрэг, даалгаврууд юм. Үүнд үйлчлүүлэгчидтэйгээ холбоо тогтоох, нэхэмжлэл шийдвэрлэх, ажилтнуудаа хянах, гэрээ шалгах, бараа материал татан авах зэрэг ажлууд багтана. Энэ төрлийн ажлууд л биднийг маш завгүй байлгадаг боловч та эхлээд А зэрэглэлийн ажлуудаа хийж дууссаныхаа дараа энэ төрлийн ажлууд луу анхаарлаа хандуулаарай.

3. C зэрэглэлийн ажлуудыг оновчтой төлөвлө.

Эдгээр нь таны заавал хийх ёстой боловч таны амжилтад нээх чухал нөлөө үзүүлэхгүй ажлууд юм. Жишээлбэл, хэлтсийн хурал, татварын тайлан гаргах гэх мэт. Үүнд аялах хүртэл орно. Энэ төрлийн ажлуудад нийт ажлын цагийнхаа 20-25%-ийг зарцуулаарай.

4. D зэрэглэлийн ажлуудаас зугт.

Үүнд өөр мэргэжилтэнд даатгаж болох эсвэл бүр хийхгүй ч байж болох ажлууд багтана. Жишээлбэл, принтерийн хор солих, шинэ программыг суулгах, фэйсбүүк, инстаграм ухах гэх мэт. Энэ төрлийн ажлуудаас аль болох зайлсхийж, долоо хоногийнхоо 5 хүртэлх хувийг зарцуулахад л хангалттай.

Одоо эдгээр 4 зэрэглэл бүхий ажлуудаа хэрхэн оновчтой зохион байгуулж, төлөвлөх талаар авч үзье.


Долоо хоногоо хэрхэн төлөвлөх вэ?

Мэргэжилтнүүд долоо хоногт хамгийн ихдээ 2.5 цагийг цагаа төлөвлөхөд зарцуулахыг зөвлөдөг. Тодруулбал, тухайн долоо хоногт нийт 10 удаа, тус бүр 15 минутыг цагаа төлөвлөхөд зарцуулаарай. Төлөвлөлтөд үүнээс илүү цаг зарцуулах нь үр дүнг бууруулах магадлалтай. Долоо хоногоо төлөвлөх аргачлал:

  • Долоо хоногийн өдөр тус бүр хийх ажлын жагсаалт гарга

Долоон өдөр тус бүр хийх ёстой ажлуудаа жагсаан бичээрэй. Дараа нь тухайн ажил A, B, C, Dзэрэглэлийн алинд нь багтах вэ гэдгийг тодорхойлж өгөх хэрэгтэй. Тэгээд D зэрэглэлийн ажлуудыг бүр мөсөн мартаарай.

  • Хийх ёстой ажлаа илүү тодорхой болго

Ингэж өдрийн хийх ажлын жагсаалтаа гаргахдаа аль болох тодорхой бичих хэрэгтэй. Жишээлбэл:

“Өнөөдөр санхүүгийн төсөв боловсруулах дээрээ ажиллана” гэж биш “Өнөөдөр төсвийнхөө зөвхөн цалингийн хүснэгтийг гаргана.”,

“Өнөөдөр хүний нөөцөө бүрдүүлэх тал дээрээ ажиллана” гэж биш “Өнөөдөр ажлын зар оруулна.” гэх мэт.

  • Цагаа блокол

Хийх ёстой ажлуудын жагсаалтаа гаргасан бол тэдгээрээс A зэрэглэлийн ажлуудаа түүн авч, тухайн ажлыг хийх тодорхой цаг хугацааг зааж өг.Ингэхдээ тухайн цагт гэнэтийн өөр ажил гарч ирэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Гэнэтийн зочин, утасны дуудлага гэх мэт өөр бусад зүйлс таны энэ цагт халдах эрхгүй.

  • Зарим ажлуудаа бусдад даатга

Үлдсэн B болон C зэрэглэлийн ажлуудыг өөр хүнд даалган өгч болох эсэхийг эргэцүүл. Та магадгүй ихэнх ажлууд дээрээ би л энийг хийхгүй бол өөр хүн хийж чадахгүй гэж бодож байгаа байх. Тэгвэл яагаад тэдэнд тэр ажлыг хийж сурах боломжийг олгож болохгүй гэж? Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол та өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, зааж өгөхөд л болно.

  • Өөрийн цаг хугацаагаа үнэл

Цаг хугацаа мөнгөнөөс ч үнэтэй гэх үг байдаг. Гэхдээ зарим хүмүүс бензинд 1 төгрөг бага төлөхийн тулд маш хол явж мөнгө "хэмнэж", цагаа “үрдэг”. Харин амжилттай хүмүүс цагаа хэмнэхийн тулд мөнгөө зарцуулдаг байна.Тэд өөрсдийнхөө хийж чадахгүй эсвэл хийх дургүй ажлуудаа хийхийн тулд бусдыг ажилд авч, хэрэгтэй программ хангамж, тоног төхөөрөмжийг худалдан авдаг. Тэдэнд нэг цаг л хэмнэж чадвал мөнгөө зарцуулахдаа бэлэн байдаг. Иймд та өөрийн цагаа үнэлж, тэрхүү үнэлгээндээ тохирсон мөнгийг цагаа хэмнэхэд зарцуулж сураарай.


Эрхэм таныг "Хувийн менежментийг сайжруулах" 3 сарын ганцаарчилсан көүчинг хөтөлбөрт урьж байна. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.