Гүн төвлөрч ажиллах арга

Мэдээллийн эрин зуунд бидний тархи тасралтгүй шинэ мэдээлэл хүлээн авч, анхаарлаа төвлөрүүлж ажиллах нь улам бүр сорилт болсоор байна. Анхаарал төвлөрөл бага үед үр дүнтэй, бүтээлч ажиллахад бэрхшээлтэй байдаг. Иймд орчин үед амжилтад хүрэхийн тулд анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлж, удаан хугацаанд тогтвортой сууж сурах чадвараа хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна.  Энгийнээр хэлбэл, та ажлаа хурдан бөгөөд чанартай гүйцэтгэдэг болохыг хүсвэл гүн төвлөрч сурах хэрэгтэй.

  • Гүн төвлөрөл нь тархиа бүрэн ажиллуулахад тусалдаг

Бидний тархи маш хурдан сатаардаг бөгөөд дараагийн ажлаа хийхээр шилжих үед өмнө нь хийж байсан ажлынхаа талаар бодсоор л байдаг. Жишээ нь, та тайлан бичиж байгаад дундуур нь танд ирсэн чатыг хальт унших үед таны анхаарлын зарим хэсэг буцаад төвлөрч чадахгүй, тэр чатны талаар бодсоор байдаг. Иймд юунд ч сатаарахгүй, хийж буй ажилдаа гүн төвлөрөх нь тэрхүү ажилдаа тархиа 100% ажиллуулахад тусална.

  • Гүн төвлөрөл нь мэдээллийг урт хугацааны ой санамждаа хадгалахад тусалдаг

Бидний ихэнх нь гадаад хэлээ сайжруулах зорилгоор өнөөдөр 10 шинэ үг цээжилсэн ч маргааш нь мартчихдаг. Эсвэл өнөөдөр шинээр сурсан зүйлээ маргааш санахгүй байх тохиолдол ч бий. Хэрэв танд ч мөн ийм зүйл тохиолдож, ой санамж нэг л муудаад байгаа юм шиг санагдаад байвал ой санамж биш, харин гүн төвлөрөх чадвар дутмаг байна гэсэн үг. Гүн төвлөрөл нь тархины мэдрэлийн эсүүдийн хоорондын холбоог бэхжүүлснээр дахиж мартахгүйгээр, илүү хурдан шинэ ур чадварт суралцах боломжийг олгодог.

  • Гүн төвлөрөл нь ажлын чанарыг нэмэгдүүлнэ

Хэрэв та ажлаа хурдан бөгөөд чанартай гүйцэтгэдэг болохыг хүсвэл хамгийн түрүүнд гүн төвлөрч сурах хэрэгтэй. Жишээлбэл, гүн төвлөрч чаддаг төслийн менежер төслийн санал хэрхэн бичих талаар хурдан сурч, тэр саналаа яаж чанартай боловсруулах вэ гэдэгт тархиа бүрэн ажиллуулж, бүтээлчээр хандсанаар хүссэн үр дүндээ хүрч чадна.


Хэрхэн гүн төвлөрч ажиллах вэ?

Бидний оюун ухаан яг л булчинтай адил олон удаагийн дасгал сургуулилтын үр дүнд илүү хөгжингүй болдог билээ. Иймд доорх зааврын дагуу гүн төвлөрч ажиллаж, гүн төвлөрлийг дадал болгосноор энэхүү чадвараа сайжруулах боломжтой.

1. Гүн төвлөрлийн философио сонго

Гүн төвлөрч ажиллах нь удаан хугацаанд юунд ч анхаарлаа сарниулахгүй байхыг шаарддаг тул та өөрийн ажлын цагийн хуваарь, амьдралын хэв маягтай тохирсон аргыг сонгох хэрэгтэй.

  • Ритм философи: Та өдрийн тодорхой цагийг гүн төвлөрч ажиллах цаг болгон төлөвлөж болно. Жишээлбэл, та өдөр бүр 8-10 цагийг гүн төвлөрч ажиллах цаг болгон төлөвлөсөн бол тэр цагт юу ч болсон тууштай, өдөр бүр төвлөрч ажиллах хэрэгтэй.  Энэ аргын хамгийн гол түлхүүр нь өдөр бүр давтах юм. Гэхдээ хүн өдөрт 4-өөс илүү цаг төвлөрч чаддаггүй гэдгийг санаарай.
  • Уян хатан философи: Энэ нь өмнөх аргатай харьцуулахад илүү уян хатан ажиллах боломжийг олгодог. Жишээлбэл, та өдрийн төлөвлөгөөг гаргах явцад 2 уулзалтын хооронд 90 минутын сул цаг гарч байвал та тэр хугацаанд гүн төвлөрч ажиллахаар төлөвлөж болно. Гэхдээ энэ арга нь гүн төвлөрөх чадвараа сайжруулахаар анхлан суралцаж байгаа хүмүүст тохиромжгүй бөгөөд хэдийнээ гүн төвлөрч ажиллаж сурсан хүмүүст тохиромжтой.
  • Сүмийн философи: Энэ нь хурдан хийх боломжтой жижиг, сажиг ажлуудаа бүгдийг нь арилгаж, өдрийн ихэнх цагийг гүн төвлөрч ажиллахад зориулах арга юм. Жишээлбэл, шинжлэх ухааны зөгнөлт зохиолч Нил Стефенсон цахим шуудангаар харилцах, утсаар ярих зэрэг энгийн жижиг ажлуудыг хийдэггүй бөгөөд өдөржин зөвхөн гүн төвлөрч зохиолоо бичсэний үр дүнд 80  гаруй алдартай бүтээлтэй болсон байна.
  • Хоёр талт философи: Энэ нь сүмийн философийн илүү уян хатан хувилбар юм. Бид бүх жижиг сажиг ажлуудаа бүрмөсөн арилгах боломжгүй нийгэмд амьдарч байгаа тул энэ аргыг ашиглан ядаж 1 бүтэн өдрийг гүн төвлөрч ажиллахад зориулж болно. Жишээ нь, Билл Гэйтс жилд хоёр удаа өөрийгөө бүх зүйлээс тусгаарлан ойд очиж ном уншиж, оюун санаагаа цэгцэлдэг байна.

2. Гүн төвлөрч ажиллахдаа бэлтгэ

Та гүн төвлөрч ажиллахдаа өдөөгч ашиглан тархиндаа анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон дохиог өгөх боломжтой. Жишээлбэл, хэрэв та ажиллаж эхлэхээсээ өмнө байнга ширээнийхээ тоосыг арчдаг бол энэ нь таны дадал болж анхаарлаа төвлөрүүлэхэд илүү хялбар болгоно. Тэгвэл яг ийм анхаарал төвлөрөлтийг хялбаршуулах дадлыг бий болгохыг хүсвэл өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай.

  • Та хаана гүн төвлөрч ажиллах вэ? Өөрийн ажиллах орчноо бэлтгээрэй. Оффисын өрөөнийхөө хаалгыг хаах, ширээгээ цэвэрлэх гэх мэт.
  • Та хэзээ гүн төвлөрч ажиллах вэ? Өдрийн хоолны дараа 2 цаг, өглөө кофены завсарлагын өмнө 90 минут гэх мэт.
  • Та яаж гүн төвлөрч ажиллах вэ? 20 минут тутамд хэдэн үг бичих, утсаа хаана байршуулах зэрэг ажиллах дүрмээ тодорхойл.
  • Гүн төвлөрлөө хэрхэн дэмжих вэ? Ноорог цаас, кофе, хоол гэх мэт өөрт хэрэгтэй зүйлсээ урьдчилан бэлтгэ.

3. Гүн төвлөрч хийх ажлаа тодорхойл

Та их ажлыг амжуулах гэж хичээх тусам таны гаргах үр дүн төдий чинээ багасна. Иймд та хийх ёстой хамгийн чухал ганцхан ажлаа тодорхойлж, тэр ажилдаа л бүхий л анхаарлаа хандуулаарай.

4. Төлөвлөгөө гарга

Ямар ч ажлыг хийж дуусгахад тодорхой хугацаа шаардлагатай. Иймд та хэдэн цаг энэхүү ажлаа хийж дуусгахаа урьдчилан төлөвлөөрэй. Тодруулбал,

  • Эхлээд цагаа юунд зарцуулж байгаагаа хяна: Та өдөр тутамдаа хийж буй ажлуудаа жагсаан бичиж ямар ажлыг хийхэд ямар хугацаа зарцуулж байгаагаа тодорхойлоорой
  • Дараа нь өдрийн хуваарь гарга: Тэрхүү ажлаа хэзээ, хэр хугацаанд хийх цагийн хуваарийг гаргаарай.

5. Анхаарал сарниулах зүйлсийг арилга

Анхаарал сарниулах зүйлс нь гүн төвлөрлийн хамгийн гол дайсан юм. Иймд таныг анхаарлыг сарниулдаг зүйлс, тэр дундаа гар утас, дижитал орчны анхаарал сарниулах зүйлсийг урьдчилан арилгаарай. Ингэхдээ утсандаа ирдэг мэдэгдлийн тохиргоог унтраах эсвэл гар утсаа өөр өрөөнд оруулж тавьж болно.

6. Зорилго тавьж, ахиц дэвшлээ хяна

Зорилго нь магтаал, шагнал, урамшуулал гэх мэт гаднын хүчин зүйлсээс илүүтэй дотоод урам зориг, амжилтад хүрэх хүсэл эрмэлзлийг бий болгодог. Иймд гүн төвлөрөх чадвараа сайжруулахын тулд гүн төвлөрч ажилласнаараа ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгаагаа тодорхойлж, зорилго тавь. Эсвэл өдөрт хэдэн цаг гүн төвлөрч ажилламаар байгаагаа тодорхойлж, тэр хугацаандаа ажиллаж чадсан үедээ тэмдэглээ тавьж ахиц дэвшлээ хянаарай. Жишээлбэл, та эхэндээ өдөрт 1 цаг гүн төвлөрч ажиллаж байсан бол 3 сарын дараа өдөрт 4 цаг төвлөрч ажилладаг болно гэх мэт зорилго тавьж болно.

Одоо та гүн төвлөрч ажиллахад бэдэн боллоо. Та дээрх зааврын дагуу анхаарал төвлөрөлтөө сайжруулснаар бүтээмжээ нэмэгдүүлж, ажлын гүйцэтгэлээ сайжруулж чадна гэдэгтээ итгэлтэй байж болно. Үүнээс гадна гүн төвлөрч ажиллах нь танд стресс багатай, амар тайван байж, өдөр бүрийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлэхэд туслах болно.


Эрхэм таныг "Хувийн менежментийг сайжруулах" 3 сарын ганцаарчилсан көүчинг хөтөлбөрт урьж байна. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.