Бид бүгд зорьсондоо хүрч, мөрөөдлийн амьдралаа бүтээхийн тулд ямар нэгэн мэдлэг, ур чадварыг шинээр эзэмших шаардлагатай болдог. Иймдээ ч аливаа зүйлийг хурдан сурч, өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг хүмүүсийн амжилт гаргах магадлал өндөр байдаг.
Энэхүү нийтлэлээрээ та бүхэнд суралцах чадвараа сайжруулах 10 аргыг танилцуулж байна. Суралцах ур чадвараа хөгжүүлсэн тохиолдолд та ямар ч мэдлэг, ур чадварыг төвөггүй эзэмшиж чадна.
1. Сургалтын хуваарь гарга
Өдөрт тодорхой цагийг "суралцах" цаг болгон төлөвлөх нь танд тасралтгүй суралцах дадлыг үүсгэхээс гадна гүн төвлөрч сууж сурахад тусална. Энэ хугацаандаа та онлайн сургалтад хамрагдах, ном унших зэргээр шинэ зүйлд суралцаж болно. Мөн ингэж тогтсон хуваарийн дагуу хичээллэх нь бие махбод болон оюун бодлыг шинэ мэдээлэл хүлээн авахад бэлдэж өгдөг.
2. Суралцах орчноо бүрдүүл
Та үр дүнтэй суралцахын тулд эхлээд өөрт тав тухтай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэхдээ дараах зүйлсэд анхаараарай.
- Агааржуулалт сайтай байх
- Гэрэлтүүлэг сайтай байх
- Эрүүл ахуйн шаардлага хангасан байх
- Таны нуруунд тохирсон ширээ, сандалтай байх
- Саад болох чанга дуу чимээгүй байх
Мөн ном, дэвтэр, үзэг, нөүтбүүх, унших материал зэрэг өөрт хэрэгтэй хэрэгслүүдээ урьдчилан бэлдэх нь таныг сатаарахаас сэргийлнэ. Нэмж хэлэхэд, өдөр бүр нэг газар, нэг ширээнийхээ ард л суугаад байлгүй, хааяа ч болов номын сан, кофе шоп луу явж орчноо солих нь танд шинэ зүйл сурах эрч хүч, урам зоригоор цэнэглэгдэхэд тусална.
3. Цээжлэхээс илүүтэй туршиж үз
Аливаа зүйлийг хурдан сурах хамгийн шилдэг арга бол үйлдлээрээ туршиж үзэх юм. Тиймээс та ямар нэгэн шинэ зүйл сурсныхаа дараа түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж байгаарай. Жишээлбэл, хэрэв та шинэ хэл сурч байгаа бол дүрэм л давтаад байлгүй мэддэг үгсээ хооронд нь холбоод ярьж үзэх хэрэгтэй. Эсвэл мэргэжлийн ур чадвараа сайжруулахаар онолын хичээл үзэж байгаа бол дадлагын тест хийж мэдлэгээ бататгаж болно.
4. Тэмдэглэл хөтөл
Шинээр сурсан зүйлсээ бичиж, тэмдэглэж байгаарай. Бичих үед бидний толгойд эргэлдэж буй замбараагүй олон бодлууд цэгцэрдэг бөгөөд улмаар шинэ авсан мэдээллийг зөв боловсруулж, урт хугацааны ой санамждаа хадгалах боломжтой болно.
5. Эрүүл амьдралын хэв маягийг бүтээ
Суралцах үед бидний тархи болон бие махбод шинэ мэдээллийг хүлээж авахад бэлэн байх ёстой. Үүний тулд шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэж, чанартай нойр авч, стрессээс ангид байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, суралцах ур чадвараа сайжруулахын тулд та эхлээд эрүүл амьдралын хэв маягийг бүтээхдээ анхаарч, өөртөө эерэг дадлуудыг суулгаарай. Ядарч сульдсан эсвэл өвдсөн үед яаж ч хичээсэн таны тархи шинэ мэдээллийг хүлээн авч, боловсруулж чадахгүй.
6. Нэмэлт мэдээлэл авах эх сурвалжийг ол
Өөрийн сурахыг хүссэн зүйлдээ үргэлж сониуч байдлаар хандаарай. Нэг зүйлийг мэдэж аваад түүнийхээ тухай судалгаа хийж, нэмэлт эх сурвалжаас дэлгэрэнгүй мэдээлэл авах нь илүү хурдан бөгөөд үр дүнтэй суралцахад тусална.
7. Мэдлэгээ бусадтай хуваалц
Мэдлэгээ хуваалцах нь сурсан зүйлээ сэргээн санах хамгийн сайн аргуудын нэг билээ. Мөн шинээр сурсан мэдлэгээ бусдад зааж өгч, тайлбарласнаар өөрийгөө хэр сайн сурснаа мэдэх боломжтой. Жишээлбэл, хэрвээ та өөрийн сурсан зүйлээ бусдад тайлбарлаж өгч чадахгүй байгаа бол тэр мэдлээ өөрийн болгон авч чадаагүй байна гэсэн үг юм.
8. Асуулт асуу
Ямар нэг мэдлэг, ур чадварт суралцаж байх үедээ нэг л зүйлийг ойлголгүй орхиход үргэлжлүүлж сурахад улам хэцүү болдог. Иймд ойлгохгүй зүйл гарвал тэр дор нь асууж, тодруулж байгаарай. Ингэхдээ таны судалж буй зүйлд мэргэшсэн хэн нэгнээс шууд асууж болно. Хэрэв танд тусалж чадах хүн байхгүй бол интернэт, хиймэл оюун ухаан ашиглан шаардлагатай мэдээллээ олох боломжтой.
9. Завсарлага ав
Нэг удаадаа хэт олон цагаар хичээллэхгүйгээр дунд нь богино завсарлага авч, тархиа амрааж байх хэрэгтэй. Ингэхдээ 25 минут хичээллээд 5 минут амрах Помодоро техник, эсвэл 90 минут гүн төвлөрч хичээллээд 10 минут амрах аргуудыг ашиглаж болно.
10. Бусдаас тусламж ав
Зарим зүйлийг бие даан сурахад хэцүү байдаг. Иймд онлайн эсвэл танхимын сургалтад хамрагдан, багш, ментор, көүчтэй болж өөртөө хөрөнгө оруулаарай. Ингэснээр сурахыг хүссэн мэдлэг, ур чадвараа системтэйгээр эзэмшээд зогсохгүй тууштай байж чадна. Мөн өөрийн судалж буй сэдвийнхээ дагуу форум, хэлэлцүүлэг, арга хэмжээнд оролцсоноор сонирхолтой байдлаар шинэ мэдлэг, мэдээлэл олж авах боломжтой.
Эрхэм таныг "Хувийн менежментийг сайжруулах" 3 сарын ганцаарчилсан көүчинг хөтөлбөрт урьж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.