Хувийн менежмент гэж юу вэ?

Хувийн менежмент буюу хувийн зохион байгуулалт гэдэг нь өөрийн ажил, амьдралаа системтэйгээр зөв зохион байгуулж, утга учиртай амьдралыг бий болгох үйл ажиллагаа юм. Мөн түүнчлэн өөрийн амьдралын зорилгоо тодорхойлж түүнийхээ төлөө ТАСРАЛТГҮЙ үйлдэл хийх амьдралын хэв маягийг бий болгодог.

Хувийн менежментээ сайжруулахын тулд цаг төлөвлөлт, зорилго тодорхойлолт, шийдвэр гаргалт зэрэг өөрт байгаа нөөц боломжоо үр ашигтай удирдахад чиглэсэн олон ур чадваруудыг хөгжүүлэх шаардлагатай болдог. Ингэхдээ өөрийн урт хугацааны зорилго, одоо байгаа дадал зуршил, хувь хүний зан чанартаа тулгуурлан  өөрт тохиромжтой стратегиа тодорхойлох хэрэгтэй.


Хувийн зохион байгуулалт сайтай байхын давуу тал:

Хувийн зохион байгуулалтаа сайжруулах нь дараах давуу талуудыг бий болгоно.

  • Бүтээмжийг нэмэгдүүлнэ

Хувийн менежментийн үндэс нь хийх ёстой ажил, даалгавруудаа оновчтой удирдан зохион байгуулж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд оршино. Ингэж өөрийн ажил үүрэг, цаг хугацаагаа удирдаж сурснаар тархиндаа сэтгэн бодох эрх чөлөөг олгож, эрч хүч, энергиэ хэмнэх боломжтой. Жишээлбэл, та долоо хоногийн дараа нэг илтгэл тавина гэж бодъё. Хэрэв та хувийн зохион байгуулалт сайтай бол 7 хоногийн турш өдөр бүр маш богино хугацаанд буюу 10-30 минут бэлтгэл хийж, илтгэл тавих өдрөө өөртөө итгэлтэй, амжилттай байж чадна. Харин хувийн зохион байгуулалтгүй байвал өмнөх ажлуудаасаа өндийх цаг, завгүй байсаар илтгэлийн өдрөө сандарч, хэлэх гэсэн санаагаа бүрэн илэрхийлж чадахгүйд хүрнэ.

  • Стрессийг бууруулна

Хувийн зохион байгуулалтаа сайжруулснаар ажил, амьдралын тэнцвэрээ хадгалж, аз жаргалтай амьдралыг бий болгож чадна. Мөн энэ нь тодорхойгүй байдлыг арилгаж, оновчтой шийдвэр гаргалтыг дэмждэг тул таны стрессийг бууруулж, асуудал тулгарсан үед илүү тайван байхад тусална.

  • Цаг хугацааг хий дэмий өнгөрүүлэхээс хамгаална

Хувийн зохион байгуулалттай хүн өөрийн үүрэгт ажлуудаа чухал, чухал бишээр нь эрэмбэлж, чухал ажлуудаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж чаддаг. Энэ чадвар нь тэднийг ажил, амьдралдаа бодит үр дүн гаргаж, өсөж хөгжихөд нь тусалдаг.

  • Эрүүл амьдралын хэв маягийг бий болгоно

Амжилтад хүрэхийн тулд өөрт эерэг дадал, зуршлыг суулгах хэрэгтэй тухай та олон сонссон байх. Гэвч эрт босох, ном унших, дасгал хийх зэрэг эерэг дадал, зуршлыг суулгаж, эрүүл амьдралын хэв маягийг бүтээх нь ихэнх хүмүүст хэцүү байдаг бол хувийн зохион байгуулалт сайтай хүний хувьд тийм ч хэцүү байдаггүй. Тэд өөрсдийн цаг хугацааг өөрөө удирддаг тул хүссэн амьдралын хэв маягаараа амьдарч чаддаг.


Хэрхэн хувийн менежментээ сайжруулах вэ?

1. Зорилгоо тодорхойл

Таны хувьд амжилт гэж вэ? Та юуны тулд ингэтлээ шаргуу хөдөлмөрлөж байна вэ? Та ганц олдох энэ амьдралаа утга учиртай өнгөрүүлж чадаж байна уу?

Хувийн менежментээ сайжруулахын гол зорилго нь эцэстээ өөрийн хүссэн амьдралын хэв маягийг бүтээх байдаг. Гэвч яг ямар амьдрал хүсч байгаагаа мэдэхгүй бол ямар ч өөрчлөлтийг хийж чадахгүй. Иймд юун түрүүн өөрийн урт болон богино хугацааны зорилгоо оновчтой тодорхойлсноор энэ жил, энэ сар цаашлаад өнөөдөр хийх ёстой ажлуудаа оновчтой тодорхойлж, зөвхөн чухал зүйлсдээ төвлөрч чадна.

2. Төвлөрсөн хийх ажлын жагсаалт гарга

Дараа нь өөрийн хийх ёстой ажлуудаа нэг дор жагсаан бич. Ингэхдээ гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх, хоббигоо хөгжүүлэх зэрэг танд таашаал, сэтгэл ханамж өгдөг ажлуудыг мөн бичихээ мартуузай.

3. Урьдчилан төлөвлө

Хэрэв таны хийх ажлууд тодорхой болсон бол тэдгээрийг хийж гүйцэтгэх хугацааг нь зааж өг. Жишээлбэл, энэ долоо хоногт дуусгах ёстой төслийн ажлыг яаж жижиг, жижиг ажил болгон 7 хоногт хуваан хэрхэн хийж дуусгах вэ? Эсвэл өдөр бүр хийх ёстой дадал зуршилтай холбоотой ажил байвал өдөрт хэдэн минутыг зарцуулах хэрэгтэй вэ? гэх мэт.

Ингэхдээ өмнө нь тодорхойлсон зорилгодоо хүрэхэд тань туслах ажлуудыг илүү чухал гэж тэмдэглэн “заавал хийх” гэж ангилаарай.

4. Гүйцэтгэлээ хянах системийг бий болго

Та өөрийн төлөвлөгөөгөө дэвтэр, цаас, самбар, гар утасны аппликейшн гээд юун дээр ч гаргаж болно. Гол нь хийсэн бол хийсэн, хийгээгүй бол хийгээгүй гэдгээ тэмдэглээд, хянаад явахад хялбар байлгах хэрэгтэй.

Мөн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа удахгүй дуусгах ёстой, дуусгах хугацаа нь арай болгоогүй, нэн тэргүүний чухал,тийм ч чухал биш зэргээр ангилж, чухал ажлуудаасаа эхэлж хийгээрэй.

5. Анхаарал сарниулах зүйлсээс зайлсхий

Утасны дуудлага, гэнэтийн уулзалт зэрэг таны төлөвлөгөөнд харшилсан, анхаарлыг тань сарниулж буй зүйлсээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Жишээлбэл, та чухал ажлаа хийж байх үедээ утсаа онгоцны горим дээр тавьж болно. Энэ нь танд имэйл, дуудлага, сошл мэдэгдэл зэрэг анхаарал сарниулах зүйлээс зайлсхийхэд тусална. Эсвэл өөрийн гар утсанд зарим мэдэгдэл ирэхгүй байхаар тохируулж болно.

6. Хүрээлэн буй орчноо эмх цэгцтэй байлга

Та ямар нэг зүйл хайж байхдаа ямар их стресстэж байгаагаа анзаарч байсан уу? Бидний урд шийдэх ёстой ажил, амьдралын маш олон асуудал байхад ингэж утас, дэвтэр, үзэг зэрэг жижиг хэрэгслүүдээ хаана байгааг хайх нь таны цагийг дэмий үрээд зогсохгүй тархины үйл ажиллагааг саатуулдаг. Иймд ажлын ширээ, гэр орноо аль болох минималист, эд хогшил багатай, хэрэгтэй зүйлсээ эмх цэгцтэй байлгах нь хувийн менежмент сайтай байхад тусална.

Энэ нь хэрэгтэй баримт бичиг, файлуудаа зөв нэршлээр хадгалж, байнга ашиглагддаг чухал зүйлсээ нэг газар тавьж, хэрэглэсэн зүйлээ байранд нь буцааж тавихаас эхэлнэ. Мөн өдөр бүр 15 минут эсвэл долоо хоног бүрийн төгсгөлд ядаж 1 цаг эргэн тойрноо эмхэлж цэгцэлж хэвшээрэй.


Эрхэм таныг "Хувийн менежментийг сайжруулах" 3 сарын ганцаарчилсан көүчинг хөтөлбөрт урьж байна. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.