Та ажлаа яг л өөрийн санаанд нийцсэн, ТӨГС хийж дуусгахыг хичээдэг үү? Энэ байдлаасаа болж танд ажлаа хугацаандаа дуусгахгүй байх эсвэл жижиг гэлтгүй бүх зүйл дээр анхаарснаасаа болж хэт ачаалалтай ажиллах гэх мэт асуудал үүсдэг үү? Хэрэв тийм бол та "төгс байдлыг эрхэмлэгч" хүн байх магадлалтай.
Энэ төрлийн хүмүүс нарийн ширийн зүйлсийг анхаарч, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг гэдгээрээ давуу талтай боловч хэт төгс төгөлдрийг эрхэмлэх нь үүнээс илүү хор хөнөөлтэй.
Төгс байдлыг эрхэмлэх гэж юу вэ?
Төгс байдлыг эрхэмлэх гэдэг нь бодит бус зорилгод хүрэхийн тулд өөрийгөө хүчлэхийн нэр бөгөөд сэтгэл судлаач Пол Хьюитт, Горден Флетт нар 1991 онд гаргасан судалгааны ажилдаа төгс төгөлдөр байдлыг эрхэмлэгчдийг дараах байдлаар гурав ангилна гэж тодорхойлсон байна:
- Өөрөөсөө төгс төгөлдөр байдлыг шаарддаг
- Бусад хүмүүсээс төгс төгөлдөр байдлыг шаарддаг
- Төгс байх ёстой гэсэн дарамтыг мэдэрдэг
Төгс байдлыг эрхэмлэгч байх нь сул тал уу, эсвэл давуу тал уу?
Ихэнх хүмүүс аливаа зүйлийг төгс хийх гэж оролдсоноороо өөрийгөө ажлаа чанартай хийдэг, гүйцэтгэл сайтай гэж боддог боловч бусад хүмүүс тэднийг ажлаа удаан хийдэг, хэт шүүмжлэгч, ажлыг удаашруулагчид гэж хардаг.
Мэдээжийн хэрэг, бүх зүйлийг зөв хийх зайлшгүй шаардлагатай үе байдаг. Ямар нэгэн ажлыг хийж байхдаа алдаа гаргах нь ноцтой үр дагавартай бол хийсэн ажлаа сайтар нягталж, шалгах хэрэгтэй. Харин төгс бус байх нь тийм ч ноцтой үр дагавартай биш ажлуудыг (жишээ нь, энгийн, өдөр тутмын ажлууд) төгс хийх гэж хичээх нь таны бодож байгаагаас ч л илүү хор хөнөөл дагуулж болзошгүй юм.
Иймд хэзээ зүгээр л "сайн" байхад хангалттай вэ гэдгийг мэддэг байх нь таны эрч хүч, цаг хугацааг хэмнэнэ.
Төгс байдлыг эрхэмлэх нь ямар хор уршигтай вэ?
Хэт төгс төгөлдөр лүү тэмүүлэх нь таны ажил, амьдралд дараах байдлаар сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.
• Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө
Journal of Counseling and Development сэтгүүлээс гаргасан судалгаагаар хэт төгс байдлыг эрхэмлэх нь хоол боловсруулах эрхтний өвчлөл, сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүр, ядаргаа зэрэг эрүүл мэндийн асуудалд хүргэхээс гадна эрч хүчийг бууруулж, стрессийг нэмэгдүүлдэг байна.
• Өөрийгөө үнэлэх үнэлэмж буурна
Бид гаргасан ололт, амжилтаасаа өөртөө итгэх итгэлийг олж авдаг ба бусад хүмүүс ч мөн биднийг гаргасан амжилтаар маань үнэлдэг гэж боддог. Иймд та өөрөө өөртөө бодит бус өндөр стандарт тавьж, түүндээ хүрч чадахгүй бол өөртөө итгэх итгэлээ алдахаас гадна, бусад хүмүүс ч мөн таныг чадваргүй гэж бодож байгаа байх гэдэгт санаа зовж эхэлнэ.
• Бүтээмжийг бууруулна
Төгс байдлыг эрэлхийлэгч хүмүүс нарийн, жижиг зүйлсэд ч хэт их анхаардаг тул ажлаа удаан хийдэг байх магадлалтай байдаг. Энэ нь ажлыг хугацааг нь тулгаж, яарч хийснээс үүдэн алдаа гаргах эсвэл хугацааг нь хоцроох зэрэг асуудал дагуулдаг. Мөн тэд ямар нэгэн шинэ ажлыг эхлүүлэхээсээ өмнө бүрэн бэлтгэл байдлаа хангахыг эрмэлздэг тул үйлдэл авч, эхэлж амжилгүй гарч ирсэн боломжийг алдах нь бий.
• Бүтээлч байдлыг алдагдуулна
Бүх зүйлийг төгс байлгах гэж хичээдэг хүмүүс тухтай бүсээсээ гарах дургүй байдаг бөгөөд эрсдэлд орохоос зайлсхийдэг. Энэ нь цаг хугацааны явцад шинэ санаа гаргах бүтээлч сэтгэлгээг үгүй хийдэг бөгөөд амьдралын олон өнгийг харж чадахгүй, зөвхөн хар, цагаанаар харах тогтмол сэтгэлгээг суулгадаг.
Эрхэм таныг "Хувийн менежментийг сайжруулах" 3 сарын ганцаарчилсан көүчинг хөтөлбөрт урьж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.