Брэндингээ амжилттай бүтээсэн бизнес амжилтад хүрэх магадлал 100% байдаг. Учир нь брэндээ зах зээлд таниулж, хоногшуулах тусам тухайн бизнесийн борлуулалт, ашиг орлого ч дагаад өсдөг. Судалгаагаар эрэгтэйчүүдийн 80% нь, эмэгтэйчүүдийн 76% нь мэддэг брэндээсээ худалдан авалт хийдэг бөгөөд өөрсдийн брэндээ хэрэглэгчдэдээ хоногшуулж чадаагүй гарааны, жижиг бизнесүүд зах зээлийн өрсөлдөөнд ялагдаж, арчигдахад хүрдэг байна.
Гэхдээ та санаа зоволтгүй. Брэндээ зах зээлд нэвтрүүлнэ гэдэг тийм ч хэцүү зүйл биш бөгөөд та доорх 8 зөвлөгөөг даган, тууштай байхад л хангалттай.
1. Өвөрмөц, танихад хялбар лого бүтээ
Ямар ч брэнд эхлээд логогоороо танигддаг ба энэ нь танай брэндийг өрсөлдөгчдөөс ялгах чухал хэрэгсэл юм. Иймд брэндийнхээ дүр төрх, үнэ цэнийг илэрхийлэх хүчирхэг логотой байх нь маш чухал. Amazon, Google, Facebook гэх мэт дэлхийн хамгийн амжилттай компаниудын тухай бодоход хамгийн түрүүнд лого нь л санаанд ордог шүү дээ.
Логогоо бүтээхдээ дараах зүйлсийг анхаараарай. Хэтэрхий олон элемент агуулсан, эмх замбараагүй лого нь тэр болгон хүний санах ойд хадгалагдаж чаддаггүй. Иймд логогоо аль болох энгийн, ойлгомжтой, цэвэрхэн байлгах хэрэгтэй. Мөн танай лого хэрэглэгчдэдээ хүргэх нэг чухал мессежийг агуулсан байх ёстой.
Гэхдээ лого бол брэндийн илэрхийлэх нэг хэрэгсэл болохоос танай брэнд биш гэдийг санаарай.
2. Өөрийн гэсэн вэбсайттай бол
Танай вэбсайт үзэмжтэй, гоё дизайнтай байхаас гадна хамгийн гол нь хэрэглэхэд хялбар байх хэрэгтэй. Хэрэв вэбсайтын нүүр хуудас дээр хэрэглэгчдийн анхаарлыг татахуйц сонирхолтой мэдээлэл байхгүй бол тэд үргэлжлүүлэн бусад мэдээ мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээг тань сонирхож үзэхгүй л болов уу.
Хэрэглэгчид танай вэбсайт дээрх бүх мэдээллийг нэг дор авч чадахгүй. Иймд оруулсан мэдээллүүдээ агуулгаар нь ангилж, нэгтгэсэн гарчиг өгөх хэрэгтэй. Мөн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг стратегийн дагуу товч бөгөөд ойлгомжтой байршуулах нь чухал.
3. Блог бич
Блог нь үнэнч хэрэглэгчдийг бий болгох чухал үүрэгтэй. Мөн энэ нь хэрэглэгчдийг вэбсайтруугаа зочлуулж, танигдахад тусална. Гэхдээ вэбсайтдаа оруулах блогийн агуулга, найруулга мэргэжлийн байх ёстой гэдгийг анхаараарай.
Үүнээс гадна, блог, нийтлэлээ тогтмол оруулж байх хэрэгтэй. Хэт хол зайтай, эсвэл хуучирсан нийтлэлүүд нь огт блог бичихгүй байснаас муу нөлөөтэй.
4. Сошл маркетингдаа анхаар
Хэрэв та фейсбүүк, инстаграм зэрэг сошл медиа платформуудыг ашиглан маркетинг хийдэггүй бол маш том боломжийг алдаж байна гэсэн үг. Эдгээр платформууд нь хэрэглэгчдэдээ шууд хүрэх боломжийг олгодог бөгөөд хүмүүсийн өдөрт тутмын идэвхтэй хэрэглээг ашиглан брэндээ таниулж, хоногшуулах боломжтой.
Гэхдээ сошл медиа платформ бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, өөр өөр төрлийн үндсэн хэрэглэгчтэй тул тэдгээрт тохирсон контентуудыг оруулах хэрэгтэй. Ингэхдээ өнгө, дизайн, агуулгын хувьд тэдгээрийн нэгдмэл байдлыг хангахыг хичээгээрэй.
5. Олны танил, инфлүенсэрүүдтэй хамтран ажилла
Сүүлийн үед компаниуд инфлүенсэр маркетингийн аргыг маш ихээр ашиглах болсон ба амжилттай яваа бараг бүх брэндүүд ямар нэг инфлүенсэртэй хамтран ажиллаж, өөрийн нүүр царайгаа болгосон байдаг. Зарим тохиолдолд тухайн бизнесийн удирдлагын багийн гишүүн, үүсгэн байгуулагч байх нь ч бий.
Journal of Marketing сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар инфлүенсэр ашигласан маркетингийн ажилд 1%-аар илүү мөнгө зарцуулсан брэндүүдийн танигдалт 5%-аар өсдөг болох нь тогтоогджээ.
Хэрэв танай брэндийг зах зээлд нэвтрүүлэхэд олны танил, инфлүенсэр тусалж чадна гэж бодож байвал танай брэндийн дүр төрхтэй нийцэх, зорилтот зах зээлд тань хүрч чадах нөлөөлөгчийг олох хэрэгтэй. Мөн түүнийг танай брэндийг сурталчлахдаа бүтээлч, чин сэтгэлээсээ хандахыг хүсээрэй.
6. Олон төрлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашигла
Зураг, бичлэг, нийтлэл зэрэг төрөл бүрийн контентыг оруулах нь танай брэндийн танигдалтыг нэмэгдүүлэх давуу талтай. Ялангуяа визуал контент, видео бичлэг нь брэндийн үнэ цэнийг бүрэн илэрхийлж чаддаг. 30 секундийн бичлэг байна уу, 2 цагийн сургалтын бичлэг байна уу хамаагүй танай зорилтот зах зээл хүрч чадахуйц агуулгатай байх нь л чухал.
Өөр нэг үр дүнтэй хэрэгсэл нь подкаст юм. Та өөрөө подкаст хийсэн ч болно, эсвэл алдартай подкастад зочноор оролцсон ч болно.
7. PR менежментэд анхаар
Та ямар нэг компани эсвэл бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар гомдоллож, дургүйцлээ илэрхийлсэн хэрэглэгчдийн коммент, нийтлэлийг уншиж байсан л биз дээ. Ийм сөрөг шүүмжлэл, сэтгэгдэл маш хурдтай тархдаг бөгөөд хэрэв танай брэндийн талаар сөрөг шүүмж, ташаа мэдээлэл тархсан бол үүнийг аль болох хурдан шийдвэрлэх хэрэгтэй.
Мөн нөгөө талаараа хэрэглэгчид эерэг сэтгэгдэл үлдээх чөлөөт орон зайг нь бий болго. Ингэснээр танай брэндийг сонирхож буй хүмүүс эерэг мэдээлэл авч, туршиж үзэх сонирхол нь нэмэгдэх болно.
8. Хайлтын системийн оновчлолыг (SEO) ашигла
Фейсбүүк, Гүүглийн хайлтад аль болох дээгүүр харагдах тусам танай вэбсайтруу зочлох хүний тоо нэмэгдэнэ. Иймд танай бизнестэй холбоотой хайлт хийхэд танай оруулсан контент, нийтлэл хамгийн түрүүнд харагдахаар болгох хэрэгтэй. Үүний тулд эхлээд контентуудынхаа органик хандалтыг нэмэгдүүлэх нь чухал. Мөн оруулсан мэдээ, мэдээллийнхээ гарчгийг тодорхой өгөөрэй.
Яагаад брэнд бүтээхэд анхаарах хэрэгтэй вэ?
- Танай брэндийн тухай сонсож байгаагүй хүн танай бараа, бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй. Иймд брэндээ зах зээлд нэвтрүүлнэ гэдэг нь боломжит худалдан авагчдадаа өөрсдийгөө танилцуулах хамгийн эхний алхам юм.
- Брэнд нь хэрэглэгчдэд итгэлийг бий болгодог. Хүн итгэсэн зүйлдээ мөнгөө зарцуулахад бэлэн байдаг бөгөөд энэ нь танай ашиг, орлогыг нэмэгдүүлнэ.
- Амжилттай брэндийг бүтээснээр өрөлдөгчдөөсөө ялгарах боломжтой. Хамгийн амжилттай брэндүүд хэрэглэгчдийн тархинд өөрсдийн нэрийн оронд борлуулж буй бүтээгдэхүүнээ суулгаж чадсан байдаг. Жишээ нь, ундаа гэвэл хамгийн түрүүнд Кока-кола санаанд ордог шиг. Иймд хэрэглэгчдэд таны бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэгтэй үед хамгийн түрүүнд танай брэндийг санадаг болговол зах зээлийн өрсөлдөөнд тэргүүлж чадна.
- Үнэнч худалдан авагчдыг бий болгож чадна. Зарим алдартай брэндүүдийн хувьд хэрэглэгчид өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаа харж чадахгүй. Жишээлбэл, ихэнх iPhone хэрэглэгчид Android үйлдлийн системтэй утас худалдаж авах талаар хэзээ ч боддоггүй.
- Амжилттай бүтээсэн брэнд тухайн бизнесийн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болдог. Улмаар та зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зараад зогсохгүй, нэр хүндээ ч мөн зарах боломжтой болно. Хэдий яг адилхан материалаар хийсэн ч брэндийн хувцаснууд илүү үнэтэй байдаг шүү дээ. Үүнээс гадна, энэ нь хөрөнгө оруулалт, стратегийн түншүүдийг татахад тусална.
Таныг бизнес эрхлэгчдэд зориулсан "Сошл маркетинг, борлуулалт"-ын танхимын сургалтанд урьж байна. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.