Хүн бүр гайхалтай борлуулагч болж чадна

Борлуулалт хэзээ ч азаар юм уу авьяасаар хийгддэг зүйл биш. Борлуулалт бол цэвэр техник. Техникийг нь сурчихвал хүн бүр гайхалтай борлуулагч болж чадна. Өөрөөр хэлбэл борлуулалт хийхэд тодорхой алхмуудыг мөрдөнө. Алхам бүрийг зөв хийж чадвал борлуулалт гарцаагүй хийгдэнэ гэсэн үг. Гэтэл борлуулалтын ямар ямар алхам байдгийг мэдэхгүй хүн борлуулалт хийх гэж оролдвол юу болох билээ? Ойлгомжтой, нэг бол азаар борлуулалт хийнэ, нэг бол борлуулалт хийхгүй. Борлуулалт хийхгүй байх тохиолдол нь их байна. За ингээд борлуулалтын хэчнээн алхмууд байдгийг үзье.

Уламжлалт борлуулалтын процесс

Уламжлалт борлуулалтын процесс буюу алхмууд нь дараах байдалтай байжээ:

  • Алхам 1: Холбоо тогтоох
  • Алхам 2: Хэрэглэгчээ ангилах
  • Алхам 3: Танилцуулга хийх
  • Алхам 4: Хаалт хийх

Одоо энэ арга хуучирснаас гадна үр дүнгүй болсон. Гэтэл өнөөг хэр энэ процессыг давтсаар байгааг анхааруулах үүднээс энд орууллаа. Бүр ойлгомжтой болгох үүднээс жишээ татъя л даа. Хүмүүсийг шууд гаднаас нь хараад мөнгөтэй, мөнгөгүй гэж ялгах. Мөнгөтэй юм шиг харагдвал найрсаг хандах, мөнгөгүй юм шиг харагдвал үл тоомсорлох. Эсвэл шалгах асуултаар борлуулалт болж магадгүй гэсэн хүнтэйгээ илүү анхаарал хандуулж харилцах. Бусад тохиолдолд зөнд нь хаях гэх мэт.

Хэрэглэгчийг ангилах нь яагаад алдаатай байгаа юм бэ? Учир нь борлуулалт зөвхөн одоо цагт хийгддэггүй. Ирээдүй цагийн борлуулалтыг одоо цагт хийж болно гэсэн үг. Мөн хэрэглэгч борлуулалт хийгээгүй ч өөр нэгэнд санал болгодог. Хэрэв үл тоомсорлосон эсвэл таагүй сэтгэгдэл үлдээсэн бол битгий тэднийд очоорой гэж хүмүүст ярих болно.

Алхам 3 Танилцуулга хийх яагаад алдаатай байгаа юм бэ? Бүтээгдэхүүний танилцуулгаа хийхгүй юм уу гэж гайхаж байж магадгүй. Нэг л хэвийн нуршсан, цээжилсэн олон текст, презентацийг танилцуулах нь хэрэглэгчийг залхааж, мэдээлэл дунд төөрөгдүүлдэг. Иймд нийтлэлийн дараагийн хэсгээс үүний оронд ямар алхам хийгддэг болсныг мэдэж аваарай.

Орчин цагийн борлуулалтын процесс 

Орчин цагийн борлуулалтын процесс буюу алхмууд:

  • Алхам 1: Харилцаа үүсгэх
  • Алхам 2: Хэрэгцээг тодорхойлох
  • Алхам 3: Шийдэл санал болгох
  • Алхам 4: Хаалт хийх буюу захиалга авах

Борлуулалт хийхийн тулд бид хамгийн түрүүн харилцаа үүсгэх нь байна. Харилцаа үүсгээгүй байж шууд бүтээгдэхүүн, мөнгө ярих нь борлуулалтыг үхэлрүү түлхэж байна. Сүржин үг хэрэглэсэн бол уучлаарай :) Гэхдээ хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа энэ учраас ой тойнд нь үлдээх зорилгоор энэ үгийг ашиглалаа. Харилцаа үүсгэж чадахгүй л бол борлуулалт болохгүй гэсэн үг. Тэгвэл харилцааг яаж үүсгэдэг юм бэ? Тийм ээ, энэ бол техник. Харилцааг үүсгэх алхмууд байдаг. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл миний борлуулалтын онлайн сургалтанд суугаарай.

Орчин цагийн борлуулалтын процессыг уламжлалт процесстой харьцуулж үзвэл Хэрэглэгчийг ангилах гэсэн алхам байхгүй болжээ. Хэнийг ч ангилж ялгахгүй нь байна. Харин Танилцуулга хийх гэсэн алхам нь Хэрэгцээг тодорхойлох, Шийдэл санал болгох гэсэн хоёр алхам болж задарчээ. Хэрэглэгчтэй цээжилсэн текст юм уу, бэлдсэн танилцуулга ярихгүй нь байна. Харин хүн бүрийн хэрэгцээнд тохирсон шийдлийг санал болгох нь борлуулалтын дахин давтагдашгүй танилцуулга болжээ гэсэн үг.

Хэрэгцээг нь яаж тодорхойлох вэ? Бас л техник. Шийдлийг яаж санал болгодог юм бэ? Бас л техник. Техникгүй юу ч байхгүй байгаа биз. Хэрэв эдгээр бүх техникийг эзэмшчихвэл хүн бүр супер борлуулагч болж чадна. 

Английн шилдэг бизнесийн ментор, 87000 гаруй хүнийг борлуулалтын ур чадварт сургасан Крис Крофт гэдэг хүнээс энэхүү борлуулалтын техникүүдийг сурч авсан юм. Уг сургалтыг авахыг хүсвэл Энд дарж бүртгүүлээрэй.