Цагийн менежмент ямар хэрэгтэй юм бэ?

Өөрийнхөө амьдралыг эргэж нэг хараад би ер нь өнгөрсөн амьдралдаа юу хийж бүтээв ээ? Би ер нь утга учиртай амьдарч чадав уу гэхэд тухайн үед бариад авах юу ч байгаагүй. Цаг хугацаа өнгөрч, би жоохон хөгширсөн л байсан. Яагаад миний ид хийж бүтээх ёстой хориод нас минь хий хоосон өнгөрчихөв өө гээд бодоход гол шалтгаан нь надад зорилго байгаагүй. Мэдээж гоё мөрөөдлүүд байсан л даа. Бизнесээ томруулж, санхүүгийн хувьд хөл дээрээ зогссон, өөрийн гэсэн гэр оронтой, сайхан гэр бүлтэй болсон байна гэж мөрөөддөг байсан. Асуудлын гол нь яаж гэдгийг төлөвлөөгүй, хэрхэн яаж энэ мөрөөдлүүддээ хүрэх вэ гэдэг зорилго байгаагүй учраас цаг хугацаа хий дэмий өнгөрсөн байсан. 

Бас нэг алдаа нь мөнгөтэй болох, байртай болох, эд юмстай болох гэдэг зорилго ердөөсөө ч биш. Яагаад гэвэл мөнгө, баялаг, эд зүйлс нь бүтээж буй үнэ цэнийг дагаж ирдэг зүйлс. Үнэ цэнэ бүтээж л байгаа бол энэ бүхэн хүссэн хүсээгүй чинийх болно. Халаасанд хангалттай хэмжээний мөнгө орж ирэхгүй л байгаа бол тэр хэмжээний үнэ цэнэ бүтээж чадахгүй байнаа л гэсэн үг. Иймд зорилго гэдэг нь үнэ цэнэ бүтээх тухай ойлголт юм. Би яаж үнэ цэнэ бүтээх вэ гэж асуувал миний бүтээж чадах үнэ цэнэ миний мэдлэг, ур чадвар, хөдөлмөрөөр хэмжигдэнэ. Мэдлэг чадвар дутмаг байх тусам бүтээх үнэ цэнэ нь бага байна. Илүү их үнэ цэнэ бүтээж, илүү их баялагт хүрье гэвэл ердөөсөө л суралцах. Тасралтгүй ур чадвараа сайжруулж, тасралтгүй мэдлэгээ нэмээд л байвал төдий чинээ үнэ цэнэ бүтээх чадамж өснө. Гэхдээ нэг зүйлийг битгий мартаарай. Сурсан мөртлөө хийдэггүй, заалгасан мөртлөө хэрэгжүүлдэггүй бол за тэгээд хогийн сав болж байгаа юм. 

Үнэ цэнэ бүтээх гэж юуг хэлээд байнаа? Бусад хүмүүсийн амьдралыг сайжруулж, хөнгөвчилж байгаа бүх зүйлс үнэ цэнэ. Үнэ цэнэ нь хэмжигдэхдээ хэчнээн хүмүүсийн амьдралыг өөрчилж, сайжруулж байна гэдгээр хэмжигдэнэ. Хэдий чинээ олон хүнд эерэг сайхан зүйлсийг хүргэнэ, төдий чинээ эд баялаг элбэг хангалуун байх болно.

Иймд зорилго тавихдаа би ямар чадамжаа сайжруулж, юу чаддаг болчихвол хэчнээн хүнд ямар тусыг хүргэж чадах вэ, би ойрын 5 жил, энэ жил, энэ сар юу юу шинээр сурах вэ, ямар сургалтанд хамрагдах вэ, хэдэн ном унших вэ гэж бодож төлөвлөвөл хамгийн зөв эхлэл болно. Цагийн менежментийг зорилгодоо хүрэх гэж л ашигладаг юм. Зорилгогүй хүн цагийн менежмент ашиглавал стресс болж, бахардаж дуусна. Төсөөл дөө, зорилгогүй мөртлөө баахан уялдаа холбоогүй хийх зүйлсийн жагсаалт гаргаад яах вэ дээ. Энэ хүртэл нэг л зүйлийг маш сайн ойлгоосой гэж хүсч байна. Амьдралдаа зорилго тавьсан тэр мөчөөс та амьдарч эхлэх болно. 

Ингээд зорилгодоо хүрэхэд тань туслах цагийн менежментийн зөвлөгөөгөө хүргэж байна.

Цагаа бүртгэ

Харж чадахгүй зүйлсээ өөрчилж, сайжруулж чадахгүй. Цаг хугацаагаа юунд зарцуулаад байгаагаа мэдэхгүй хүн цагийн менежмент хийнэ гэж байхгүй. Иймд хамгийн багадаа 2 долоо хоног хийсэн болгоноо бүртгэ, хэзээ эхлээд хэдэн цагт дууссанаа бүгдийг нь тэмдэглэнэ. Toggl  гээд үнэгүй аппликэйшнийг утсандаа суулгаад ашиглавал их хялбархан.

Энэ ажлыг хийхийн гол зорилго нь эхний ээлжинд мэдээлэл цуглуулах, ямар нэг шийдвэр дүгнэлт гаргалгүйгээр зөвхөн бүртгэ. Цаг минут бүрийг бүртгээрэй.

Цаг бүртгэлийг хийхдээ дараах 5 баганад мэдээллээ оруулаарай:

  1. Цаг: Ямар нэгэн зүйл хийж эхэлсэн цаг, дууссан цаг
  2. Үргэлжилсэн хугацаа: Тухайн зүйлд хэдий хэмжээний цаг зарцуулснаа дараагийн ажилруу шилжихээс өмнө тэмдэглэнэ.
  3. Тухайн хийсэн ажлын тайлбар: Цөөн үгээр ямар зүйл хийснээ тэмдэглэнэ
  4. Ангилал: Тухайн хийсэн ажил нь аль ангилалд багтах болохыг тэмдэглэнэ (жишээ нь дасгал хөдөлгөөн, бизнес, хувийн хөгжил, бизнесээ бүр нарийвчлаад маркетинг, борлуулалт, санхүү гэх мэт)
  5. Ач холбогдол: Стратегийн ач холбогдолтой ажил уу, механик ажил уу (жишээ нь бизнес дээрээ ажилласан уу, бизнес доторх ажлыг хийсэн үү)

Энэ процесс эхэндээ хэцүү, төвөгтэй санагдаж болно, гэхдээ үүний ард гарчих л юм бол цагийн менежментийг сайжруулах маш үнэ цэнэтэй мэдээлэл олж авах болно.

Өдөр тутмын хэмнэлдээ дүн шинжилгээ хий

2 долоо хоногийн дараа цагийн бүртгэлээс хангалттай мэдээлэл бий болно. Мэдээллүүдээ нэгтгээд тоонууд дээр дүн шинжилгээ хийгээрэй. Дараах асуултыг өөрөөсөө асууна:

  • Өдөрт хэчнээн ажил хийгдэж байна, өдөр бүр ижил байна уу эсвэл янз бүр байна уу?
  • Үргэлжлэх хугацаа нь 15 минутаас бага ажил хэр их байна?
  • Аль ангилалд багтах ажил өглөө, өдөр, эсвэл аль нэг өдөрт давамгайлж байна?
  • Хэр их цаг хугацааг стратегийн болон механик ажилд зарцуулж байна?

Магадгүй үр бүтээлтэй цаг таны бодсоноос бага байж болно. Эсвэл өөр хүнээр хийлгэчихэж болох ажил дээр хэт их цаг зарцуулсан байж болно. Үүнийг олж мэдэж авах нь дараагийн удаа цагаа хэрхэн үр дүнтэй ашиглах шийдлийг бий болгоно.

Цагийн менежментийн ур чадвараа сайжруул

Цаг бүртгэлийн мэдээллээсээ хамгийн түрүүн юу таны цагийг хулгайлаад байгааг олж мэдээрэй. Цагаа зөв зохицуулж сурахад хамгийн эхлээд цагаа юунд зарцуулж байгаагаа мэдэж авах, үүнийгээ цагийн менежментээ сайжруулах аргатай хослуул. Жишээ нь утасны дуудлага, фэйсбүүк чат үргэлж саад болдог байлаа гэж бодъё. Энэ тохиолдолд утасныхаа дууг хааж, wifi-аа унтраах, ажлын дуудлага бол хэн нэгэнд хариуцуулж өгөх, дуудлага хүлээн авах цагийг урьдчилан товлож, тодорхой цагт л ярьдаг болох. Зарим туршиж болох санаанууд

  • Өдөрт 1 цагийг бодож, төлөвлөхөд зарцуулдаг бол
  • Өөрийгөө хэт битгий ачаалла
  • Аль чадахаараа бусдад даалга
  • Сул цагийг бүтээмжтэй ашигла (ном унших, подкаст сонсох, аудио ном сонсох гэх мэт)
  • Үгүй гэж хэлж сур
  • Анхаарал шаардсан зүйл хийхдээ offline бол, болж өгвөл утсаа унтраа

Ихэнх хүмүүс амжуулж чадахаасаа их ажлыг нэг өдөрт төлөвлөдөг. Хийхийг хүссэн маш олон зүйлийг нэг дор жагсааж бичдэг, гэтэл тэр дотор үнэхээр чухал ажлаас гадна бас тийм ч чухал биш ажлууд орчихсон байдаг. Тиймээс хамгийн чухал ажлуудын ард гарахыг гол зорилгоо болго.

Ахисан түвшинд цагийн менежмент хийж сурахын тулд долоо хоногийн гол ажлын жагсаалттай бол. Энэ жагсаалтанд 3-5 гол ажлыг бичих ба тухайн ажилд хамааралтай нөөц, хүн хүч, мэдээллийг тодорхой болго.

Долоо хоногийн гол ажлын жагсаалттай болсноор өдөр бүр тухайн зорилго дээрээ төвлөрнө. Тэгэхээр таны өдрийн хуваарьт юу багтах вэ гэхээр:

  • Хамгийн чухал ажил: Тухайн өдөр зайлшгүй биелүүлэх 1-2 гол ажил
  • 2-рх чухал ажил: Хамгийн чухал ажлын дараа орох чухал 1-2 ажил
  • Хүмүүс: Тухайн өдөр холбогдох хүмүүс
  • Харилцаа холбоо: Чухал дуудлага, имэйл, уулзалтууд
  • Төлөвлөөгүй цаг: Энэ цагийг стратегийн ажилдаа төвлөрөх болон амрахад зарцуулна.

Өдрийн аль цагт ямар ажил дээр төвлөрвөл хамгийн бүтээмжтэй байдгаа мэдэж аваарай. За ингээд үр дүнтэй цагийн менежментийн нууц нь зорилго ба чухлыг чухал бусаас ялгах чадвар.

Murun Mentor-ийн Бүтээмжийг нэмэгдүүлэх цагийн менежментийн онлайн сургалтанд энд дарж бүртгүүлээрэй.