Маркетингийн стратегиа гаргахаас өмнө бидэнд хамгийн түрүүн тодорхой зорилго хэрэгтэй. Танай бизнес юунд хүрэхээр зорьж байна вэ? Брэндийн танигдалтыг нэмэгдүүлэх, чанартай сэжим цуглуулах, вэбсайтынхаа хандалтыг нэмэгдүүлэх, боломжит үйлчлүүлэгчдийн датаг цуглуулах гэх мэт ямар ч зорилго байж болно.
Зорилго нь тодорхойгүй маркетинг үнэндээ цаг, мөнгөний гарз байдаг. Юунд хүрэх гээд байгаа нь тодорхойгүй, ямар стратеги тактик ашиглах нь тодорхойгүй, эргээд хийсэн ажлынхаа үр дүнг хэмжиж мэдэхгүй, бүх зүйл талаар болно. Зорилго бидэнд тодорхой байдал, явах зүг чиг, төсөөллийг өгдөг. Ингэж юунд хүрэхээ тодорхой харж байж л бид ажлаа амжилттай дуусгана. За тэгэхээр маркетингийн стратеги төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхэд хэрэгтэй, хамгийн чухал 9 зорилгыг үзье:
- Брэндийн танигдалтыг нэмэгдүүлэх
- Чанартай сэжим бий болгох
- Шинэ хэрэглэгч олж авах
- Вэбсайтын хандалтыг нэмэгдүүлэх
- Нэр хүндийг бий болгох
- Хэрэглэгчийн чанарыг сайжруулах
- Брэндтэй харилцах хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэх
- Борлуулалтаа өсгөх
- Байгууллагын дотоод брэндийн үнэлэмжийг нэмэгдүүлэх
1. Брэндийн танигдалтыг нэмэгдүүлэх
2021 онд дэлхий даяар 1000 маркетеруудын дунд судалгаа явуулахад 48% нь маркетингийн компанит ажлын гол зорилго нь брэндийн танигдалтыг нэмэгдүүлэх байсан гэж хариулжээ.
Эндээс хэрэглэгч олж авах түлхүүр үйл ажиллагаа бол брэндийн танигдалтыг нэмэгдүүлэх гэж ойлгож болно. Хэрэв хүмүүс танай бизнес байдаг гэдгийг мэдэхгүй бол бүтээгдэхүүн, үйлчилгээг тань хэрхэн мэдэх билээ.
Брэнд болгонд өөрийн гэсэн дүр төрх, зан чанар байдаг. Брэндийн танигдалтыг нэмэгдүүлэхийн тулд эхлээд энэ дүр төрх, зан чанарыг тодорхойлох хэрэгтэй байдаг.
Брэндийн танигдалтыг нэмэгдүүлэхэд хэрэг болох зарим алхмуудыг хуваалцъя:
- Түүх өгүүлэх - Хэрэглэгчид өөрт ойр санагдсан брэндээс худалдан авалт хийдэг. Тэдэнд танил, ойр мэдрэмжийг төрүүлэхэд түүх өгүүлэх аргачлал хамгийн хүчирхэг. Иймд хэрхэн бизнесээ эхлүүлсэн, яагаад энэ бизнесийг хийдэг, нийгэмд ямар үр нөлөөг бий болгохоор зорьж байгаагаа түүхээр өгүүлээрэй.
- Зорилтот хэрэглэгчид тань хаана цагийг их өнгөрүүлж байгааг тодорхойлох - Сошл орчинд ямар платформыг түлхүү ашиглаж байна вэ? Түүн дотроо ямар сувгуудыг дагадгийг олж мэд. Ингэснээр тэдэнтэй холбогдох үр дүнтэй аргыг олох болно.
- Тэдэнтэй тогтмол харилцаа үүсгэ - Ямар түүх хуваалцахаа тодорхой болгочихлоо, ямар сувгуудаар холбогдож болохоо ч бас тодорхойлчихлоо. Одоо эдгээр сувгуудаараа тогтмол пост, контент хүргэ, тэдний асуултанд хариул, оролцоог нь нэмэгдүүлж хэлэлцүүлэг ч бас явуулаарай.
Танай бизнес бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулахаас ч илүү зүйлийг нийгэмдээ хийж байна. Энэ бол брэндийн түүх, зорилго, мэдлэг олгох контентуудаараа зорилтот хэрэглэгчээ боловсруулж, эерэг нөлөөллийг бий болгож байна.
Брэндийн танигдалтыг нэмэгдүүлэх топ зөвлөгөө: Битгий үргэлж "би,би,би" гэж байгаарай. Харилцаа үргэлж хоёр талтай байдаг. Хэрэглэгчдээ сонсож, тэдний санал, хүсэлтийг тогтмол авч бай. Ямар гайхалтай үр дүн, шинэ санаа байгааг тэднийг сонсохгүйгээр олж мэдэж чадахгүй шүү дээ.
Брэндийн танигдалтыг хэрхэн хэмждэг вэ?
Брэндийн танигдалтыг хэмжих амаргүй байдаг. Та дараах тоонуудаар үйл ажиллагааныхаа үр дүнг хэмжиж болно:
- Дагагчдын тоо, сошл дээр брэндийг дурдсан тоо, контентыг үзсэн хүний тоо
- Вэбсайтын хандалтын тоо, хайлт хийсэн тоо гэх мэт.
2. Чанартай сэжим бий болгох
Танай борлуулалтын ажилтнуудын амжилт тасралтгүй орж ирэх чанартай сэжмээс шалтгаалдаг. Чанартай сэжим гэдэг нь танай үйлчлүүлэгч болох өндөр сонирхолтой, шаардлагыг хангаж буй хүмүүс юм. Эдгээр хүмүүст багахан мэдээлэл өгөхөд шууд борлуулалтруу хөрвөдөг.
Чанаргүй сэжим гэдэг нь танай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар ойлголтгүй, мэдээллээ бүрэн аваагүй, тохиромжгүй хүмүүс юм. Шаардлага хангаагүй, тохиромжгүй хүмүүс олноороо хандах нь борлуулалтын ажилтны эрч хүч, цаг хугацааг хий дэмий үрдэг.
Чанартай сэжим бий болгох арга бол боломжит хэрэглэгчдээ мэдлэгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар шаардлагатай мэдээллийг бүрэн өгөх юм. Иймд өөрийн сошл хуудас, вэбсайтаар хэрэглэгчдээ мэдлэгжүүлэх контентуудыг тасралтгүй оруулж байгаарай.
Мөн боломжит хэрэглэгчдэд үнэ цэнтэй мэдээллийн бүтээгдэхүүн санал болгох замаар асуулга бөглүүлж, имэйл жагсаалт үүсгэж болно. Нийт үйлчлүүлэгчдийн 80% нь эргэх холбоогоор борлуулалт болдог гэсэн судалгаа бий. Энэ нь хүмүүс сурталчилгааг үзээд тэр дороо худалдан авалт хийдэггүй, танай мэдээллийг дахин дахин харж байж худалдан авалт хийдэг гэсэн үг. Иймд имэйл хаягийг нь авч үлдээд, мэдлэг олгох мэдээлэл тасралтгүй илгээснээр чанартай сэжим бий болгох боломжтой.
Чанартай сэжим бий болгох ажлыг хэрхэн хэмжих вэ?
Борлуулалтруу хөрвөсөн хувиргалтын хувиар хэмжинэ. Ямар зар сурталчилгаа, ямар контент, ямар сувгаас орж ирсэн сэжим борлуулалтруу түлхүү хөрвөж байна? Мөн ямар онцлогтой хэрэглэгчид танай бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү их авч байна гэдэг нарийн тооцооллыг хийж, маркетингийн үйл ажиллагаагаа сайжруулж байх хэрэгтэй. Үүнээс хэрэглэгчийн датаг бүртгэх, түүнд анализ хийх хэчнээн чухал болохыг ойлгосон биз ээ.
3. Шинэ хэрэглэгч олж авах
Бизнесийн өсөлтийн гол түлхүүр нь хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх байдаг. Олон бизнест хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх тогтвортой стратеги байдаггүй.
Жишээлбэл, контент маркетинг танай шинэ хэрэглэгч олж авах түлхүүр үйл ажиллагаа гэж үзвэл контент стратеги, контентын хэв маягийг бий болгох, хэрэгжүүлэх баг танайд бий юу?
Эсвэл бүтээгдэхүүний тестер, үнэгүй хувилбар санал болгоод дараа нь төлбөртэй хувилбарлуу шилжүүлдэг бизнес загвар байж болно. Нэг ёсондоо танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхсон хэрэглэгчдийг борлуулалтруу хөрвүүлдэг хүчирхэг стратеги заавал байх хэрэгтэй.
Сайн маркетингийн стратеги гаргахад шинэ хэрэглэгч олж авах тогтвортой, байнгын сайжруулж байдаг үйл ажиллагааг тодорхойлох хэрэгтэй болдог.
Шинэ хэрэглэгч олж авах үйл ажиллагааг хэрхэн хэмжих вэ?
- Шинэ хэрэглэгч олж авах зардал
- Шинэ хэрэглэгчдийн тоо
- Захиалгын тоо зэргээр хэмжиж болно.
Маркетингийн шилдэг стратеги болох ЯЛГАРЛЫГ бий болгох вэбинарт оролцохыг хүсвэл энд дарж бүртгүүлээрэй. Ялгарлыг бий болгосноор танай бүтээгдэхүүн, үйлчилгээ үргэлж #1 сонголт байх болно.