Байнгын худалдан авагч, хэрэглэгчдийг хэрхэн бий болгох вэ?

Бизнес эрхлэгчдийн хувьд байнгын хэрэглэгч, худалдан авагчид нь үнэлж баршгүй үнэ цэнтэй хөрөнгө байдаг. Байнгын хэрэглэгчдийн тоог 5%-иар нэмэгдүүлэхэд л тухайн компанийн ашигт ажиллагаа 75%-аар нэмэгддэг байна. Учир нь байнгын хэрэглэгчид танай бараа, бүтээгдэхүүнийг олон удаагийн давтамжтай худалдан авч, мөнгөө зарцуулахаас гадна эргэн тойрныхондоо үнэгүй сурталчилгаа хийж өгдөг.

Гэхдээ орчин үед зах зээлийн өрсөлдөөн ширүүсч, хүмүүс уйдамтгай, үргэлж шинийг эрэлхийлдэг болсноор хэрэглэгчдээ хадгалж авч үлдэнэ гэдэг улам хэцүү болж байна. Иймд зарим компаниуд өмнөх хэрэглэгчдээ авч үлдэхээс илүүтэй шинэ хэрэглэгч татахад төвлөрсөн маркетинг хийдэг ч энэ нь маш өндөр өртөгтэй байдаг.

Энэ удаагийн нийтлэлээрээ бизнес эрхлэгч танд бага өртгөөр байнгын үйлчлүүлэгч бий болгох аргуудыг санал болгож байна:

1. Зөвхөн тухайн хэрэглэгчид зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болго

“Манайх маш олон брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн борлуулж байна” гэсэн сурталчилгаа анхаарлыг чинь татаж байна уу, аль эсвэл “таны арьсыг оношилж, тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн санал болгоно” гэсэн сурталчилгаа илүү дээр байна уу? Мэдээж хоёр дахь сурталчилгаа илүү сонирхолтой санагдаж байгаа байх.

Судалгаагаар нийт хэрэглэгчдийн 71% нь “зөвхөн танд зориулсан” гэсэн мессэж бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон, таалагдвал дахин худалдан авалт хийх магадлалтай байдаг байна.

2. Гүн сэтгэгдэл үлдээ

Хамгийн үр дүнтэй маркетингийн стратеги бол хэрэглэгчдийн сэтгэл хөдлөлрүү чиглэх юм.

Жишээ нь, Mastercard компани тэдний картыг ашигладаг хэрэглэгчдийнхээ дунд хүн бүрийн сонирхолд нийцсэн, гэнэтийн бэлэг барих #PricelessSurprises хаштаг бүхий кампанит ажлыг явуулжээ. Хөгжим сонирхогчдод тоглолтын тасалбар, гольф тоглогчдод алдартай гольфчинтой уулзах эрх гэх мэт. Дараа нь бэлэг авсан хэрэглэгчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрсдийн аз жаргалтай түүхээ хуваалцаж, Mastercard брэндийн өсөлтөд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан байна.

Хүмүүс сонсож, үзсэн зүйлээ биш, өөрт тохиолдсон сэтгэл хөдөлгөм үйл явдлыг амьдралынхаа турш санаж байдаг. Иймд хэрэглэгчдэд ядаж нэг л удаа гүн сэтгэгдэл үлдээж чадвал тэр хэрэглэгч танай байнгын үнэнч үйлчлүүлэгч болох болно.

3. Коммьюнити үүсгэ

Танай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар хоорондоо байнга ярилцаж, сэтгэгдлээ хуваалцдаг коммьюнити группыг бий болго. Гэхдээ энэ нь удирдан авч явахад багагүй хүчин чармайлт шаардаж магадгүй ч, алсдаа хамгийн үр дүнтэй маркетингийн суваг болдог.

Жишээ нь: Lego компанийн IDEAS платформ нь хэрэглэгчдэд шинэ бүтээгдэхүүний загвар гаргахад өөрсдийн санаагаа шингээх боломжийг олгодог. Энэхүү платформоор дамжуулан хүмүүст инновац, бүтээлч байдлыг сурталчлах замаар өөрсдийн брэндээ хоногшуулж хэрэглэгчдийн давтан худалдан авалтыг нэмэгдүүлдэг байна.

Одоо үед коммьюнити үүсгэх хамгийн амархан бөгөөд зардал багатай арга нь фэйсбүүк групп үүсгэх юм. Уг групптээ зөвхөн зар сурталчилгаа оруулалгүй бүтээгдэхүүн, үйлчилгээтэйгээ холбоотой мэдээ, мэдээлэл оруулж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэх орон зайг бий болгох нь чухал. Ингэснээр хэрэглэгчдийн худалдан авалт хийх сэдлийг нэмэгдүүлэх боломжтой.

Бизнес эрхлэгчдэд зориулсан Сошл маркетинг, борлуулалтын танхимын сургалтанд таныг урьж байна. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.