Борлуулалт гэдэг нь боломжит хэрэглэгчдийг худалдан авалтруу хөтөлдөг системчилсэн үйл ажиллагаа юм. Энэхүү нийтлэлээр танилцууах алхмууд нь борлуулалтын системийг бүрдүүлдэг бөгөөд борлуулагчдад үр дүнтэй харилцаа холбоо тогтоох, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, амжилттай гэрээ хэлэлцээр хийхэд туслах болно.
Боломжит хэрэглэгчдийг олох
Боломжит хэрэглэгчдийг тодорхойлох нь борлуулалтын үйл явцын эхний үе шат юм. Зорилтот зах зээлд нийцэж буй худалдан авагчдыг олж илрүүлэх энэ алхам нь танай бүтээгдэхүүн, үйлчилгээг чин сэтгэлээсээ сонирхох хувь хүн эсвэл байгууллагыг тодорхойлох судалгаа хийх арга техникийг шаарддаг.
Бэлтгэл ажил хийх
Боломжит хэрэглэгчдийг тодорхойлсны дараа холбогдох мэдээллийг цуглуулж, тэднийг судлах юм. Бэлтгэл ажил нь худалдан авагчийн бизнес, үйл ажиллагаа явуулж буй салбар, сорилт, бэрхшээлийн талаар нарийн судалгаа хийх, түүнийг сайн таньж мэдэх процесс. Энэхүү мэдлэг нь борлуулалтын мэргэжилтнүүдэд өөрсдийн арга барилыг сонгох, санал болгож буй үнэ цэнээ үр дүнтэй хүргэх боломжийг олгодог. Борлуулалтын мэргэшсэн байдал гэдэг нь худалдан авагчийн сонирхлын түвшин, төсөв, шийдвэр гаргах эрх мэдэл, таны бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирох байдлыг үнэлэх явдал юм.
Танилцуулга хийх
Танилцуулах үе шат бол боломжит хэрэглэгчидтэй холбоо тогтоох үе шат юм. Анхны эерэг сэтгэгдэл төрүүлж, харилцаа холбоо тогтоох нь чухал. Энэ алхам нь утасны дуудлага, имэйл эсвэл биечлэн уулзах гэх мэт янз бүрийн хэлбэртэй байж болно. Зорилго нь хүмүүсийн анхаарлыг татах, үнэ цэнийн саналаа тодорхой илэрхийлэх, тэдний асуулт, санаа зовоосон асуудлуудыг шийдвэрлэх юм.
Хэрэгцээг тодорхойлох
Хэрэгцээг тодорхойлох үе шат нь худалдан авагчийн хэрэгцээ, тулгарч буй саад бэрхшээл, зорилгыг ойлгоход чиглэдэг. Асуултын үр дүнтэй арга техник, идэвхтэй сонсох чадвар нь энэ үе шатанд маш чухал байдаг. Ухаалаг асуулт асууж, худалдан авагчийн хариултыг идэвхтэй сонссоноор борлуулалтын мэргэжилтнүүд чухал цэгүүдийг олж илрүүлж, үнэ цэнийг хүргэх боломжуудыг тодорхойлж, шийдлийг нь санал болгож чадна. Хэрэгцээг тодорхойлох нь худалдан авагчийн шаардлагын талаар илүү гүнзгий ойлголттой болж, борлуулалтыг бий болгодог.
Шийдэл санал болгох
Хэрэгцээг тодорхойлсны дараа хийгддэг шийдэл санал болгох алхам нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдан авагчдад тулгарч буй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэдгийг харуулах алхам юм. Сайн бэлтгэгдсэн, итгэл үнэмшилтэй илтгэл нь санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний ашиг тус, онцлог, үнэ цэнийг онцлон харуулах ёстой. Энэхүү шийдэл нь худалдан авагчийн тодорхой хэрэгцээг хэрхэн хангаж, бодит үр дүнд хүрч байгааг харуулахын тулд кейс судалгаа эсвэл үзүүлэнг ашиглаж болно.
Эсэргүүцлийг шийдвэрлэх, хэлэлцээр хийх
Борлуулалтын явцад худалдан авагч нь эсэргүүцэл, санаа зовнилыг үүсгэж болзошгүй. Эдгээр эсэргүүцлийг идэвхтэй, үр дүнтэй шийдвэрлэх нь чухал алхам юм. Энэ үе шат нь идэвхтэй сонсох, ойлгох, холбогдох мэдээллээр хангаж итгэлцлийг бий болгох чадварыг шаарддаг. Борлуулалтын мэргэжилтнүүд харилцан ашигтай тохиролцоонд хүрэхийн тулд нөхцөл, үнэ болон бусад хүчин зүйлсийг тохиролцоход бэлэн байх ёстой. Эсэргүүцлийг үр дүнтэй шийдвэрлэх, хэлэлцээр хийх ур чадвар нь ажлын амжилтад ахиц дэвшил гаргахад маш чухал юм.
Хаалт хийх ба эргэж холбогдох
Төгсгөлийн үе шат бол хаалт хийж, худалдан авах шийдвэрийг гаргуулах үе шат юм. Борлуулалтын мэргэжилтнүүд худалдан авалтын нөхцөл байдлыг ойлгож, худалдан авагчийг итгэлтэйгээр удирдан чиглүүлэх чадвартай байх ёстой. Үүнд санал тавих, нөхцөлийг хэлэлцэх, гарын үсэг зурсан гэрээ авах зэрэг багтаж болно. Хаалтын дараа үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг хангах, урт хугацааны харилцааг бий болгохын тулд үйлчлүүлэгчдэд онцгой үйлчилгээ үзүүлэх, эргэж холбогдох нь маш чухал юм.
Борлуулалтын үйл явц нь борлуулалтын мэргэжилтнүүдийг амжилттай худалдан авагч олж авах, орлого олоход чиглүүлдэг. Эдгээр долоон үе шатыг ойлгож, үр дүнтэй хэрэгжүүлснээр борлуулалтын амжилтанд хүрэх болно.