Борлуулалтын 4 төрөл ба төрлөөс хамаарсан борлуулалт болгох аргачлал

Бизнесийн хувьд борлуулалт гэдэг цусны урсгалтай л ижил. Борлуулалтын стратеги ямраар төлөвлөгдсөнөөс шалтгаалаад бизнес нэг бол амьдарна, нэг бол сүйрнэ. Гэхдээ борлуулалтыг дотор нь хэд хэд ангилдаг, аль төрлийн борлуулалтаас шалтгаалаад арга аргачлал нь өөр байдаг гэдгийг сонсож байсан уу? Өнөөдрийнхөө нийтлэлээр борлуулалтын үндсэн 4 төрөл, тэдгээрийн суурь зарчмыг хэрэгжүүлснээр хэрхэн үр дүнтэй борлуулалт хийж болохыг үзье.

1. Өргөн хэрэглээний борлуулалт

Өргөн хэрэглээний борлуулалт гэдэг нь бага үнийн дүнтэй, өдөр тутмын бараа үйлчилгээний борлуулалтыг хэлдэг. Ихэнх тохиолдолд худалдагч, худалдан авагч хоёр нэг л удаа таарах ба үйл ажиллагаа нь түргэн хугацаанд төлбөр тооцоогоо хийж бараагаа өгөхөд чиглэдэг. Барааны үнэ, гол шинж чанар, гаднах өнгө үзэмж нь худалдан авалтын шийдвэр гарахад нөлөөлдөг. Жишээ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, жижиглэнгийн худалдаа, онлайн худалдан авалтууд энэ ангилалд багтана. Өргөн хэрэглээний борлуулалт дээр хэрэглэгчтэй урт хугацааны харилцаа холбоо тогтоох тийм ч чухал биш. Харин хурдтай, үр дүнтэй, нэгж худалдан авалтын сагсыг нэмэгдүүлэхэд анхаарах нь чухал.

2. Зөвлөгөөн дээр тулгуурласан борлуулалт

Зөвлөгөөн дээр тулгуурласан борлуулалт нь хэрэглэгч дээр төвлөрсөн илүү хувь хүнрүү чиглэсэн борлуулалт байдаг. Борлуулалт хийж байгаа хүн мэргэжлийн зөвлөхийн байр сууринаас хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, зорилго, сорилт бэрхшээлд тулгуурласан зөвлөмж өгөх замаар борлуулалт хийнэ. Анхааралтай сонсч, зөв асуулт асуух замаар хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг тодруулж, яг түүнд нь нийцсэн шийдлийг санал болгодог. Энэ төрлийн борлуулалт ихэнхдээ B2B буюу байгууллагаас байгууллагад чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт байдаг. Зөвлөгөөн дээр тулгуурласан борлуулалт нь харилцааг бүтээх, итгэлийг бий болгох, асуудал шийдвэрлэх замаар үнэ цэнийг нийлүүлэхэд чиглэдэг.

3. Харилцаан дээр тулгуурласан борлуулалт

Харилцаан дээр тулгуурласан борлуулалт гэдэг нь урт хугацааны хамтын ажиллагаа, хэрэглэгчийн үнэнч байдал дээр тулгуурлан худалдан авалтын давтамж дээр хийгддэг борлуулалт юм. Энэ төрлийн борлуулалт нь гүн бат харилцаа, итгэлцэл, харилцан ойлголцол дээр явагддаг. Борлуулалтын ажилтан нь итгэлтэй зөвлөхийн хувьд харилцагчийн бизнесийг ойлгож, алхам тутамд дэмжлэг үзүүлж, үнэ цэн нийлүүлэх замаар борлуулалт хийхийн өмнөх хөрс суурийг бэлддэг. Харилцаан дээр тулгуурласан борлуулалт нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага буюу хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бий болгож, дахин дахин худалдан авалт хийж, бусдад санал болгоход хүргэдэг бизнесүүдэд түгээмэл байдаг. Энэ төрлийн борлуулалтыг амжилттай хийхэд 1-рт хүлээлтээс давсан үйлчилгээ, 2-рт харилцагчийн стратегийн түнш болох явдал юм.

4. Стратегийн борлуулалт

Стратегийн борлуулалт гэдэг нь хэрэглэгчийн бизнес, зах зээл, өрсөлдөх чадварыг гүнзгий ойлгосны үндсэн дээр хийгддэг илүү цогц, том хэмжээний борлуулалт юм. Энэ төрлийн борлуулалтын процесс нь хэд хэдэн түвшний шийдвэр гаргагчдаар дамжиж, их хугацаа орох ба хийгдэхээрээ том үнийн дүнг авчирдаг. Стратегийн борлуулалт мөн л ялгаагүй харилцаан дээр тулгуурлах ба харилцагчаа гүнзгий судалж, бизнес саналаа илтгэл байдлаар танилцуулж, гэрээний нөхцөлөө тохирсны үндсэн дээр хийнэ. Томоохон байгууллагуудын програм хангамж, дэд бүтэц, өндөр мэргэжлийн ур чадвар шаардсан зөвлөх үйлчилгээнүүд дээр энэ төрлийн борлуулалт хийгддэг. 

Аль төрлийн борлуулалт гэдгээс шалтгаалаад хэрэгжүүлэх арга аргачлал нь өөр өөр байгааг та бүхэн харлаа. Дийлэнх борлуулалт хэрэглэгчтэй бий болгосон харилцаа, итгэлцэл дээр тулгуурлаж байгаа учир борлуулалтын ажилтнуудаа харилцаа, борлуулалтын ур чадварт сургаарай.