Хувийн брэндингээ бий болгох 5 зөвлөгөө

Хүнтэй гар барихдаа өөртөө итгэлтэй, нүдрүү нь эгцлэн харж, сайхан хувцаслаж, сайхан инээмсэглэх нь хүчтэй анхны сэтгэгдлийг бий болгодог гэж бүгдээрээ заалгаж байсан. Гэхдээ өнөөдөр энэ бүхэн хангалтгүй болжээ.

Учир нь Фэйсбүүк, Инстаграм сошл платформууд нь анхны сэтгэгдлээс урьтаад тухайн хүний ажил мэргэжлийн нэр хүнд, имидж, брэндингийг бүрдүүлэх болжээ. Тийм ээ, хувь хүний брэндинг.

Брэндинг гэдэг ойлголт нь зөвхөн бизнесүүдэд хамаатай ойлголт байхаа больсон. Хувь хүн ч бас онлайн орчинд өөрийнхөө брэндийг бий болгож, энэ нь ирээдүйн амжилтанд нь маш том нөлөө үзүүлдэг. Өдөр тутам сошл дээрээ оруулж байгаа мэдээлэл, шэйр хийсэн постууд тань таны брэндийг бий болгож байна гэсэн үг.

Одооноос үүн дээр ажиллаж эхлэхгүй бол сошл платформуудын бидэнд олгож байгаа боломжийг ашиглаж чадахгүй эсвэл эсрэгээр нь ашиглах болно. Өөрийн брэндинг дээр ажиллах нь салбартаа хүлээн зөвшөөрөгдөж, шинэ боломжийн үүд хаалгууд нээгдэх болно. Үүнээс гадна урт хугацаанд шинэ хэрэглэгч авчрах, таны талаарх зөв сэтгэгдлийг төрүүлж байх механизм юм. Брэндингээ хөгжүүлснээр таны тухай хүмүүс юу гэсэн ойлголттой байхыг та хянана гэсэн үг.

Та хэн гэж танигдмаар байна? Хувийн брэндинг гэдэг бол бид өөрсдийгөө хэн гэж тодорхойлохоос эхэлдэг.

Таныг юу "Та" болгодог вэ?

Амжилттай хувийн брэндинг нь урт хугацаанд таны хувийн сурталчилгааг хийж, итгэлцлийг бүтээхээс гадна таны санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээнд тасралтгүй шинэ хэрэглэгчийг татдаг. За ингээд хувийн брэндингийг бий болгох 5 зөвлөгөөтэй танилцъя!

#1. Брэндингээ тодорхойлж, салбартаа мэргэжилтэн бол

Өөрийнхөө дотоод ертөнцөөр аялж, юу таныг илэрхийлж, өнөөдрийн таныг бий болгосныг тунгаа. Үүнийхээ дагуу брэндийнхээ дахин давтагдашгүй үзэл санааг тодорхойл. Хариуцлагатай, нээлттэй, уян хатан, найрсаг харилцаатай, ухаалаг, хүчирхэг гэх мэт хувь хүнийг тодорхойлдог үгсээс таныг хамгийн сайн тодорхойлж чадах үгсийг сонгож, өөрийн брэндийн илэрхийллийг бий болгоорой. Хэвлэл мэдээлэл, хувь хүмүүс, шинэ хэрэглэгчид таны ямар давуу талд татагдах вэ? Үүнийгээ тодорхойлоод салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бол. Өөрийнхөө зорилго, алсын хараатай зөрчилдөх зүйлсээс хол байгаарай. Таны брэнд таны зорилгын тулд л бүтээгдсэн.

#2. Оршин байлтаа бүтээ

Хэрэв хэн нэгэн Google дээр таны нэрийг оруулаад хайвал юу гарч ирэх вэ? Иймд өөрийн вэбсайт блогоороо дамжуулж, онлайн орчинд зөв мэдээллийг байршуулж, оршин байлтаа бүтээ.  

Жишээ нь өөрийнхөө нэрээр домэйн нэр авч болно, уг нэрээрээ вэбсайт блог сайт хийгээд хайлтаар хамгийн түрүүн гарч ирэх мэдээлэл нь таны вэбсайт болох хэрэгтэй. Таны бизнесийн вэбсайтаас тусдаа байх хэрэгтэй. Вэбсайт дээрээ өөрийнхөө зураг, танилцуулга, сошл хуудсуудынхаа хаягийг оруулаарай.

#3. Харилцаа холбоо тогтоож брэндээ таниул

Сошл платформ болон нэтворкинг уулзалтуудаар өөрийгөө таниулж, салбартаа танигд. Сошл дагагчдынхаа тоог нэмэгдүүлснээр урт хугацаанд бизнесээ таниулж, брэндингээ бүтээх боломжтой.

#4. Брэндингийн 3C зарчмыг дага

3С буюу тодорхой байх, тууштай байх, тогтвортой байх зарчмыг дага. Та хэн бэ, бас хэн биш вэ. Өөрийнхөө чаддаг мэддэг зүйлсийг гуйвуулах хэрэггүй. Зорилтот зах зээлдээ өөрийгөө хэн болгож байршуулмаар байна, яг түүндээ нийцсэн мэдээ мэдээллийг оруул.

#5. Санал зөвлөмжийг нь ав

Таныг хамгийн сайн мэддэг хүнээс санал зөвлөмжийг нь ав. Сайн брэндийн хэмжүүр бол өөр хэн нэгний зүрх сэтгэлд бий болсон таны дүр юм шүү дээ. Тэд таныг хэрхэн бусдад танилцуулж байна вэ? Таны брэндийн хамгийн онцлог зүйл, давуу талыг тэд юу гэж тайлбарлаж байна вэ? Хэрэв таны тодорхойлсны дагуу хэлж байгаа бол та амжилттай брэндинг хийжээ гэсэн үг.

Сүүлийн үед компаний брэндингээс илүү хувь хүний брэндинг амжилттай ажиллаж байна. Компаний мэргэжилтний хувьд юу гэж тайлбарлахыг тэд сонсохыг илүүд үзэж байна. Та ч бас бизнесээ амжилттай явуулж, тогтмол шинэ хэрэглэгчдийг нэмэхийг хүсч байгаа бол хувийн брэндинг дээрээ цаг алдалгүй ажиллаж эхлээрэй. Илүү ихийг мэдэхийг хүсвэл намайг дагаарай!