Онлайн бизнес эхлүүлэх гэж байгаа бол дараах 5 алдаанаас зайлсхийгээрэй

Онлайн бизнестэй болно гэдэг гайхалтай, гэхдээ маш олон сорилтуудтай та тулгарах болно. Амжилттай онлайн бизнесийг бий болгоход тогтсон нэг жор мэдээж байхгүй ч, шинэхэн бизнес эрхлэгчдийн гаргадаг түгээмэл 5 алдааг энэхүү нийтлэлээрээ хуваалцаж байна. Хэрэв та онлайн бизнес эхлүүлэх гэж байгаа бол дараах 5 алдаанаас зайлсхийгээрэй.

1. Зах зээлийн судалгаа хийхгүй байх

Шинэ энтрепрёнерүүдийн гаргадаг түгээмэл алдаа бол зах зээлийн судалгаагаа бүрэн хийдэггүй. Зорилтот зах зээлээ ойлгох, тэдний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, худалдан авалтын зан төлвийг тодорхойлох нь бизнесээ эхлүүлэхээс өмнө хийх, хамгийн чухал ажил байдаг. Мөн өрсөлдөгчдөө судалж, тэдний давуу болон сул талыг тодорхойлж, тэдгээр бизнесүүдээс хэрхэн ялгарах стратегиа гаргах хэрэгтэй. Зах зээлийн судалгааг хийхгүйгээр бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах нь эргээд хэний ч сонирхохгүй, худалдан авалт хийхгүй бизнес болчих эрсдэлтэй.

2. Вэбсайтыг үл хайхрах

Вэбсайт нь танай бизнесийг боломжит худалдан авагчид танилцуулах нүүр эгнээний лангуу гэсэн үг. Эндээс л худалдан авагчид танай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар бүрэн мэдээлэл авч, худалдан авах эсэх шийдвэрээ гаргадаг. Тэгэхээр бүх мэдээлэл ойлгомжтой, хэрэглэгчид хүссэн зүйлээ богино хугацаанд олоод авах, хэрэглэгчид ээлтэй, хэрэглэхэд хялбар вэбсайт байх хэрэгтэй. Мөн мэдээллээ тогтмол шинэчилж, контентуудаар баяжуулах нь чухал.

3. Бүх зүйлийг өөрөө хийх гэж оролдох

Шинэ энтрепрёнерүүдийн гаргадаг бас нэг алдаа бол бүх зүйлийг өөрөө хийж мөнгө хэмнэх гэж оролдох. Хэдийгээр мөнгө хэмнэх боловч бизнес эрхлэгчийг хэт ачааллаж, өсөлтийг боомилох эрсдэлтэй. Иймд өөрийн тийм ч сайн чаддаггүй, хийх дургүй ажлуудаа чаддаг хүмүүст нь даатгах хэрэгтэй. Контент бүтээх, сошл маркетинг хийх, нягтлан бодох бүртгэл гэх мэт ажлуудаа бусдад даатгаж, өөрийн хамгийн сайн чаддаг зүйл дээрээ төвлөрөөрэй.

4. Борлуулалт дээр хэт төвлөрөх

Бүх бизнесийн амин чухал ажил бол мэдээж борлуулалт, гэхдээ борлуулалт дээр хэт их төвлөрөх нь сайн үр дүнг авчирдаггүй. Харин хэрэглэгчид хүргэх үнэ цэнэ дээрээ анхаарч, хэрэглэгчидтэйгээ тогтоосон харилцаагаа бэхжүүлэх дээрээ ажиллаарай. Тэдний хэрэгцээ шаардлагыг ойлгож, асуудлыг нь шийдвэрлэсэн шийдэл санал болгох, хүлээлтээс давсан үйлчилгээг үзүүлэх нь таны нэн тэргүүний зорилт байх ёстой. Ингэж чадвал урт хугацааны үнэнч хэрэглэгчдийг бий болгож, тэд танай бизнесийг бусдад санал болгох болно.

5. Ирээдүйг төлөвлөхгүй байх

Өдөр тутмын ажлаас гадна ирээдүйг төлөвлөх маш чухал. Ирээдүйг харсан уян хатан төлөвлөгөөгүйгээр бизнест учирсан саад бэрхшээлийг даван туулах, өсөлт үзүүлэх тун бэрхшээлтэй. Иймд урт хугацааны алсын хараа, богино хугацааны зорилго, зорилтуудаа тодорхойлж, тогтмол гүйцэтгэлээ хянаж яваарай.

Онлайн бизнес эрхлэх, борлуулалтаа өсгөх талаар тогтмол зөвлөгөө мэдээлэл авч байхыг хүсвэл намайг дагаарай.

https://www.facebook.com/murun.mentor

https://instagram.com/murunmentor