Бизнесийнхээ стратегийн ажилд цаг гарга

Бизнес эрхлэгч хүн бизнес доторх техник ажлаас илүү бизнесийн стратегийн ажилдаа түлхүү цагийг зарцуулах хэрэгтэй байдаг. Харамсалтай нь ихэнх бизнес эрхлэгчид өдөр тутмын ажилдаа ихэнх цагаа зарцуулдаг. Бизнес доторх техник ажил болох бүтээгдэхүүн үйлчилгээгээ бэлтгэх, үйлдвэрлэх, худалдах, хүргэх ажилд хамаг цагаа зарцуулдаг завгүй бизнес эрхлэгчиддээ стратегийн ажлаа хэрхэн амжуулах аргыг хуваалцах гэж байна.

Энэ аргыг "Давхар алсын хараа" гэж нэрлэдэг.

Бизнес доторх ажлаа гүйцэтгэхдээ давхар бизнесийнхээ стратегийн ажлыг явуулдаг бол ямар вэ?

Мэдээж цаг хугацаа хэмнэнэ, тийм үү? Бизнесийнхээ аливаа ажил даалгаврыг гүйцэтгэхдээ хоёр зорилго агуулна: бизнест шаардлагатай үр дүнг бий болгох гүйцэтгэл - мэдээж та энэ ажлыг маш сайн хийдэг байгаа - нөгөө нь хийж буй зүйлсээ хөндлөнгөөс ажиглаж, алхам алхмаар өөрийгөө орлох системийг бүтээх юм. Өөрөөр хэлбэл танигүйгээр энэ бизнес цаашид яаж явах юм бэ гэдгийг ажлын зааварчилгаа байдлаар цаасан дээр буулгана. 

Ажлыг зүгээр нэг сайн гүйцэтгээд зогсохгүй, ажлын дэс дараалал, хийж буй алхмуудыг тодорхойлно гэсэн үг. Үр дүнг бий болгож байгаа процесс бүрийг тодорхойлсноороо таны оронд ажилласан хэн ч тань шиг үр дүнг бий болгох боломжтой болно. Өөр хэн нэгэн тухайн ажлын зааврыг үзээд яг тань шиг гүйцэтгэлийг бий болгоно гэдэг амаргүй л дээ, гэхдээ энэ бол хамгийн эхний сорилт. Та хэдий сайн процессоо тодорхойлно, төдий чинээ гүйцэтгэл сайн байна.

Систем гэдэг нь үр дүнг бий болгох процессын дэлгэрэнгүй зааварчилгаа юм. Бизнес доторх техник ажлаа бид ухамсаргүйгээр маш сайн хийдэг боловч яг хэдэн алхамт процессоор энэ ажлаа хийгдээд байгааг мэддэггүй. Яг л гутал үддэгтэй ижил. Гутал дотроо хөлөө хийлээ, үдээснийхээ захаас эхэлж чангаллаа, мушгирууллаа, үдлээ. Бүгдийг автоматаар хийдэг. Процессоор нь задлаад харвал 10 үйлдлийг дэс дарааллаар хийж байгаа. Үүн шиг өөрийнхөө ухамсаргүйгээр сайн хийдэг бизнесийн техник ажлаа процессоор нь задалж тодорхойлно.

Энэ "Давхар алсын хараа" аргачлал нь техникийн ажлаа гүйцэтгэх явцдаа өөрийгөө чөлөөлөх гайхалтай арга. Та ямар ч бизнес эрхэлдэг бай хамаагүй, өөрийн өдөр тутам хийдэг ажлуудаа системчилснээр цаг завтай болж, бизнесийн стратегийн ажилдаа илүү төвлөрөх боломжтой болно. Бодох гэдэг ажилд цаг зав зарцуулсан бизнес өсөлтийг үзүүлдэг. 

Murun Mentor-ийн Бизнесийн 21 хоногийн менторинг хөтөлбөрийн эхний 3 хичээлийг үзэхийг хүсвэл энд дарна уу.