Зөвхөн мөнгөний төлөө битгий бизнес хий. Өөрөөсөө яг ямар амьдрал хүсч байгааг үзэг цаас гаргаж ирээд бич. Бизнес чинь яг ямархуу байвал та аз жаргалтай, баяр хөөртэй байж чадах вэ? Бизнес таныг тэтгэхийн тулд байдаг болохоос боолчлохын тулд биш. Тэгэхээр мөрөөдлийн бизнесээ зураглахад тань туслах Мөрөөдлийн бизнесийн 9 шинжийг хүргэж байна.
1. Өөрийн дуртай зүйлээ хий
Та юу сонирхдог вэ? Юу таныг догдлуулж, юу таныг баярлуулдаг вэ? Та юуны талаар уншиж судлах дуртай вэ? Та хүмүүст юуны талаарх зөвлөгөөг баяртайгаар өгдөг вэ? Мөнгө олох зөндөө арга бий. Гэхдээ зөвхөн мөнгөний төлөө бизнес хийнэ гэдэг гунигтай шүү дээ. Яахав болох л байх л даа, гэхдээ урт хугацаанд тууштай үргэлжилдэггүй. Амьдрал богинохон, яагаад өөрийн дуртай зүйлээрээ мөнгө олдог байж болохгүй гэж?
2. Тогтвортой өсөх, урт хугацаанд эрэлт хэрэгцээтэй байх
Бизнесийн суурь зарчим нь:
- Таны санал болгож буй зүйлд хүмүүс мөнгө төлөхөд бэлэн байх
- Таны санал болгож буй шийдэлд хүмүүс мөнгө төлөхөд бэлэн байх
- Та тухайн асуудлыг гарцаагүй шийдэж чаддаг байх
Өрсөлдөөн байна гэдэг сайн зүйл, учир нь тэнд зах зээл байнаа гэсэн үг. Гэтэл маш олон хүн "Өмнө нь хэний ч хийж байгаагүй гайхалтай бизнес санаа надад байна" гэдэг. Яагаад гэвэл хэн ч тэндээс мөнгө олж байгаагүй учраас тэр шүү дээ. Шинэ санаагаар мөнгө олохгүй гэж байгаа юм биш, хүмүүсийн аль хэдийн мэддэг болсон, хэрэгцээ шаардлага нь үүссэн зүйлийг санал болгох нь цаг хугацаа, мөнгөнд хэмнэлттэй.
3. Дэлхийн хаанаас ч ажиллаж болох
Далайн эрэг дээр эсвэл Европоор аялангаа ажлаа хийж байна гээд бод доо. Технологийн ачаар энэ бүхэн мөрөөдөл биш, бодит байдал болсон. Интернэт байгаа л бол онлайнаар ажлаа хийж болдог тийм бизнесийг бүтээ. Нэг газар уягдаж амьдарна гэдэг уйтгартай шүү дээ.
4. Өндөр ашигтай байх
Бага ашгийн маржинтай хэдэн мянган бүтээгдэхүүнийг хэдэн мянган хүнд борлуулахыг "Массыг хооллож, өөрөө багаханыг хүртэх" сэтгэлгээ гэдэг. Массаас ер нь зайлсхийх хэрэгтэй. Массд зориулсан 5,10,20-хон хувийн ашигтай бизнес асуудал ихтэйгээс гадна дампууралд хүрэх магадлал маш өндөр байдаг. Бизнес хийх өчнөөн олон боломж байхад яагаад бага ашиг, их асуудалруу хутгалдах хэрэгтэй гэж? Өндөр ашигтай бизнес гэдэг нь 100% ба түүнээс дээш ашигтай бизнесийг хэлнэ. Жишээ нь 200.000 төгрөгийн юм борлууллаа гэхэд 100.000 нь танд ашиг болж үлдэх ёстой. Өндөр ашигтай биш л бол тийм бизнест битгий хөл тавь.
5. Тэлэх боломжтой байх
Бизнес өөрөө богино хугацаанд тэлж, орлогын шинэ эх үүсвэрүүд нэмэх боломжтой байх хэрэгтэй. Одоо байгаа хэрэглэгчиддээ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгох замаар нэг удаагийн борлуулалтыг хэд хэдэн удаагийн борлуулалт болгох боломжтой байх. Суурь систем дээрээ тулгуурлаад өсөлтийг хийх боломжтой байхаар тооцоорой.
6. Эхлэлийн хөрөнгө бага шаарддаг байх
Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай бизнесийг эхлүүлэхэд нэг бол та тэр хэмжээний хөрөнгө цуглуулж, түүнийгээ эрсдэлд оруулахад бэлэн байх, нэг бол тийм хэмжээний хөрөнгө оруулалт хийх хүнд сүнсээ худалдана л гэсэн үг. Гэхдээ тэгэх ямар хэрэгтэй гэж? Бизнес цааш амжилттай явах эсэхийг хөрөнгө оруулалтаас илүү боловсруулсан бизнесийн загвар шийднэ. Бага хөрөнгө оруулалтаар амжилттай бизнесийн загвар бүтээчихвэл хөрөнгө нь аяндаа өснө, мөн батлагдсан бизнесийн загвар дээр ашигтай нөхцөлөөр хөрөнгө оруулагч татах нь илүү хялбар шүү дээ.
7. Ажилтан цөөхөн эсвэл огт байхгүй байх
Хүмүүсийг ажиллуулах, тэднийг амжилттай удирдана гэдэг асар их авьяас, туршлага шаардана. Болж өгвөл хүн удирдах ажлаас өөрийгөө чөлөөлөөд, шаардлагатай ажлуудыг аутсорсингоор шийдчихвэл зүгээр. Хэн нэгний өмнө гүйцэтгэл дээр нь хариуцлага хүлээж, сар бүрийн тогтмол цалингийн өрөнд орох ямар ч шаардлага байхгүй. Тухайн чиглэлээр мэргэшсэн хамт олонтой үр дүн дээр суурилсан гэрээ хийгээд явбал гүйцэтгэл ч тэр, санхүүгийн хувьд ч тэр сэтгэл хангалуун байх боломжтой.
8. Бага стресс, бага дарамт
Бизнес хэзээ дарамт, стресс болж ирдэг вэ гэхээр танаас байгааг чинь сорж эхлэх үед. Оффисын түрээс, ажилчдын цалин, бусад тогтмол зардлууд ар араасаа нэхэгдэж, танд ашиг орлого оруулах биш, байгааг чинь юу ч үгүй ховх сорж эхлэх үед та нэг зүйлийг бодох хэрэгтэй. Бизнес таныг тэтгэж, тасралтгүй ашиг орлого өгөхийн тулд л байгаа, тэрнээс та байгаагаа өгөхийн тулд биш. Цаг хугацаа ч мөн ялгаагүй. Байгаа бүх цаг хугацааг тань сордог бол энэ бас л дарамт. Та илүү их цаг хугацаатай, эрх чөлөөтэй болохын тулд бизнес эхлүүлсэн болохоос боолчлогдохын тулд биш. Амьдрал богинохон шүү, буруу бизнестэй зууралдаад амьдралаа үгүй хийж байна уу бодоорой.
9. Унтаж байхад чинь ч мөнгө ордог
Өдөр болгон уяатай юм шиг бизнес дээрээ ажиллах нь эрх чөлөө биш. Та л байхгүй бол хамаг юм зогсчих гээд, та л байхгүй бол мөнгө орж ирдэггүй бол энэ бизнес биш. Мөнгө хэрвээ таны ажилласан цаг хугацаагаар хэмжигддэг бол та хэзээ ч санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадахгүй. Тантай танигүй бизнес чинь урагшилж, унтаж байхад чинь хүртэл тасралтгүй орлого олдог байх тэр л бизнесийг бүтээ.
Одоо байгаа бизнесээ эдгээр 9 шинжийн хэдийг нь агуулж байна бодоорой. Мөн өөрөөсөө хэрвээ бүгдийг шинээр эхлэх боломж олдсон бол энэ бизнесийг худалдаж авах байсан уу гэж асуугаарай. Үгүй гэж хариулах л юм бол бизнесээ өөрчлөх цаг чинь болж. Эдгээр бүх шинжийг агуулсан бизнес бол технологид суурилсан онлайн бизнес. Онлайн бизнесийн талаар судлаад, одоо хийж байгаа бизнесээ дээрх 9 шинжийг агуулсан бизнесрүү хөрвүүлж болох нь уу бодож үзээрэй гэж зөвлөе.