Бизнес ментор гэж хэн бэ?

Өнгөрсөн сард Англи хэлний орчуулагч эгч манай оффисыг хамтран түрээслэхээр болсон юм. Хувийн орчуулгын товчоогоо нээж, бизнес эрхлэхээр шийдсэн эгч их л баяр хөөртэй явж байсансан. Харамсалтай нь хоёр дахь сараасаа түрээсээ төлж чадахгүй, мөнгө ч үгүй юу ч үгүй болчихлоо, оффисоосоо гарахаас гэж байна.

Бизнес эхлүүлж байгаа бүх хүнд яг энэ эгч шиг бүх зүйл болчихмоор, бүтчихмээр, мөнгө сайн олох юм шиг тийм мэдрэмж төрдөг. Би ч бас анх бизнес эхлүүлж байхдаа алаад өгнө дөө л гэж бодож байсан. Харин тээр хожуу бизнес эрхлэн авч явах тусдаа ур чадвар байдгийг мэдсэн юм. Энэ ур чадварыг эзэмшихгүйгээр бизнес хийх гэж оролдохын бол хэсэг хугацааны дараа гацалтанд орж, магадгүй бүр өр ширэнд баригдаж дуусна. 

Бизнес көүчинг гэдэг бол яг энэ ур чадварыг богино хугацаанд суулгадаг, бизнес эрхлэгчдэд зориулсан маш чухал ажил юм. Гэтэл дийлэнх хүмүүс ямар ч менторгүйгээр өөрийн бор зүрхээрээ бизнес хийх гэж оролддог. Бод доо, физикийн нэг ч томъёо мэдэхгүй нөхрийг өрөөнд цоожлоод, физикийн хүнд бодлогыг бодсоны дараа гарч ирээрэй гэвэл тэр хүн хэд хоносон ч гарч ирж чадахгүй биз дээ. Яг үүн шиг бизнес эрхлэн авч явах ур чадварт суралцахгүйгээр бизнес хийх гэж зүтгээд л байвал юу ч болсон юмгүй л өрөөнөөс гарч ирэх байх.

Тэгвэл ментор хүн юу хийдэг юм бэ? Менторын үүрэг бол тухайн бизнес эрхлэгчийн амьдралын зорилго, хувь хүний үнэт зүйлсийн дагуу бизнесийнх нь алсын харааг тодорхойлж, зорьсондоо хүрэхэд туслах. Алсын хараагаа тод томруунаар харж байгаа бизнес эрхлэгчид ч бас хэрхэн яаж гэдэг чиглүүлэг, дэмжлэг, бодсоноо үйлдэл болгон хэрэгжүүлэхэд нь сэдэлжүүлэх шаардлага гардаг. Одоо байгаа цэгээс нь хүсч зорьсон цэг рүү нь хамгийн товч замаар хүрэх боломжийг ментор олгодог.

Яагаад бизнесийн ментор хэрэгтэй вэ?

Бизнес ментортой болно гэдэг мэргэжлийн зөвлөгөө авах, бизнес зөвлөхөөс тусламж авахтай адилгүй гэдгийг анхаараарай. Бизнес болон хувийн амьдралдаа өөрөө ч анзаарч харахгүй байгаа, анзаарсан ч хэрэгжүүлж үр дүнгийг нь үзэж чадахгүй байгаа дотоод нөөц, боломжийг илрүүлж, зорьж байгаа цэгт нь хүргэх ажлыг ментор хийдэг.

Бизнесийн ментор гэдэг зөвлөх үйлчилгээ үзүүлэгч биш, сэтгэл зүйч ч биш. Харин бизнес эрхлэн авч явах ур чадвар дээр нь ажиллаж, эзэмшүүлж, түүнийгээ яаж ашигладгийг зааж өгөх болно.

Сайн ментор танд юу хийхийг хэлж өгөөд орхидоггүй, бизнесийн асуудлыг шийдэх арга замыг олоход тусалж жинхэнэ үр дүнд хүрэхэд чиглүүлэгч болдог. Таны зорилгыг үргэлж гал өрдөж байгаа юм шиг асаалттай байлгаж, зорилгынхоо төлөө тууштай байхад ментор танд тусална.