Маркетингийн төлөвлөгөө гаргах заавар

Маркетингийн төлөвлөгөө гаргах гэхээр нарийн мэргэжил шаардсан, нүсэр ажил шиг санагдаж байгаа байх. Стартап бизнесүүд дээрх шалтгаанаар төлөвлөгөө гаргах ажлыг хойш тавьж, фэйсбүүк, инстаграм дээр пост хийж, түүнийгээ бүүстлэн, хааяа нэг хэрэглэгчидрүүгээ сурталчилгааны имэйл явуулахыг маркетинг хийж байна гэж ойлгодог.

Ингэж эмх цэгцгүй, төлөвлөгөөгүй сурталчилгаа хийх нь зорилтот хэрэглэгчдэдээ хүрч чадалгүй цаг хугацаа алдах, үргүй зардал гаргах гэх мэт маш олон сөрөг нөлөөг дагуулдаг. Иймд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ оновчтой сурталчилж, ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд юун түрүүнд эхлээд маркетингийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй.

Маркетингийн төлөвлөгөө гэж юу вэ?

Маркетингийн төлөвлөгөө бол бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай сурталчлах зорилгоор зорилтот хэрэглэгчидтэйгээ хэрхэн харилцах (онлайн болон оффлайн) тухай стратегийн зураглал юм. Энэ нь бизнесийн хэмжээнээс хамааран энгийн эсвэл маш нарийвчилсан байж болох бөгөөд хамгийн гол нь зах зээлийн хэрэгцээ, брэнд үүсгэх, өрсөлдөгчдөөсөө ялгарах, зорилтот зах зээлдээ хүрэх арга замыг тодорхойлсон байх нь чухал. Мөн түүнчлэн маркетингийн төлөвлөгөө нь бизнесийн зорилгоо тоогоор илэрхийлж, өсөлт, үр дүнгээ бодитоор хэмжихэд туслах чухал ач холбогдолтой.

Иймд оновчтой маркетинг хийж,  борлуулалтаа нэмэгдүүлэхийг хүсвэл доорх бүтцийн дагуу өөрийн бизнестээ тохирсон маркетингийн төлөвлөгөө гарган хэрэгжүүлээрэй.

Хураангуй

Хамгийн эхэнд энэхүү маркетингийн төлөвлөгөөнд тусгагдсан чухал агуулгуудыг тоймлон харуулна. Тухайлбал:

  • Бизнесийн зорилго
  • Амжилтыг хэмжих гол хэмжүүрүүд (зорилтот борлуулалтын хэмжээ, дагагчдын тоо, хандалтын тоо гэх мэт ...)
  • Энэхүү зорилгодоо хэрхэн хүрэх тухай стратеги, арга зам
  • Хүний нөөц, ашиглах программ хангамж, гарах зардал гэх мэт стратегиа хэрэгжүүлэх нарийвчилсан мэдээллүүд
  • Төлөвлөгөөний хэрэгжилтийг хэрхэн хянаж, тайлагнах тухай тэмдэглэл

Хураангуй хэсгийг төлөвлөгөөгөө гаргаж дууссаныхаа дараа хамгийн сүүлд бичих бөгөөд ингэснээр дараа нь нэг бүрчлэн унших шаардлагагүй болно.

Эрхэм зорилго

Энэ нь танай компаний үнэт зүйлс, тэдгээр нь танай компанийн ерөнхий зорилготой хэрхэн холбогдож буйг тусгасан байна. Эрхэм зорилгоо тодорхойлохдоо дараах асуултуудыг ашиглаарай:

  • Таны компани өнөөдөр юу хийж, бүтээж байна вэ?
  • Танай компанид юу чухал вэ?
  • Танай брэнд юугаараа онцгой вэ?
  • Танай байгууллагын соёл юу вэ?
  • Танай бизнес ажилтнууд, хэрэглэгчид, хөрөнгө оруулагчдад ямар ашиг тустай вэ?

Зорилтот зах зээл

Хэрвээ зорилтот зах зээлээ оновчтой тодорхойлж чадахгүй бол танай маркетингийн зардал хий дэмий үрэгдэх болно. Иймд зорилтот зах зээлээ тодорхойлохдоо маш анхааралтай, няхуур хандах хэрэгтэй.

  • Ямар хүмүүст танай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэгтэй вэ?
  • Танай хэрэглэгчид хүн ам зүйн талаасаа ямар онцлогтой вэ? (нас, хүйс, орлогын түвшин, боловсрол гэх мэт ...)
  • Тэдний хэрэгцээ, сонирхол юу вэ?
  • Тэдний амьдралын философи, үнэт зүйлс юу вэ?
  • Тэдний амьдралын хэв маяг ямар вэ?
  • Тэд одоогийн байдлаар танай бүтээгдэхүүн, үйлчилгээний оронд юу хэрэглэдэг вэ?

Бүтээгдэхүүн, үйлчилгээ

Энэ хэсэгт зүгээр л өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ юу болохыг жагсаан бичиж болохгүй. Харин танай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчдийн ямар асуудлыг шийдэж, ямар үнэ цэн өгч байгааг дэлгэрэнгүй оруулах хэрэгтэй.

  • Танай компани хэрэглэгчдэдээ зориулж юу хийж, бүтээдэг вэ?
  • Танай хэрэглэгчдийн хэрэгцээ юу вэ?
  • Танай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хэрхэн хангадаг вэ?
  • Танай компани хэрэглэгчдийнхээ амьдралд ямар үнэ цэнийг нэмдэг вэ?
  • Танай компани ямар төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд санал болгож байна вэ?

Маркетингийн сувгууд

Маркетингийн сувгууд нь ирээдүйн хэрэглэгч, худалдан авагчдадаа хүрэх арга зам юм. Иймд зорилтот хэрэглэгчдийнхээ идэвхтэй ашигладаг, борлуулалтын боломжит бүх сувгуудыг тодорхойлоорой. Түгээмэл ашиглагддаг маркетингийн сувгууд:

  • Вэб сайт
  • Жижиглэн худалдаа
  • Утасны мессеж маркетинг
  • Сошл медиа платформ
  • Имэйл
  • Агент, борлуулагчид
  • Хэвлэл (сонин, сэтгүүл, товхимол, каталог, шууд шуудан)
  • Нэвтрүүлэг (ТВ, радио)
  • Хэвлэлийн мэдээ
  • Үзэсгэлэн худалдаа, эвэнт, арга хэмжээ

Өрсөлдөгчид

Маркетингийн төлөвлөгөөний бас нэгэн чухал зүйл бол бизнесийнхээ дахин давтагдашгүй борлуулалтын саналыг (USP) боловсруулах явдал юм. Өөрөөр хэлбэл бизнес, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ зах зээлийн байр суурь, өрсөлдөгчдөөсөө ялгарах онцлог буюу өрсөлдөх чадвараа тодорхойлно гэсэн үг.

  • Танай бизнесийн онцлог юу вэ?
  • Танай өрсөлдөгчид хэн бэ? Тэд юу санал болгодог вэ?
  • Танай өрсөлдөөний давуу болон сул тал юу вэ?
  • Зах зээлийн (эсвэл хэрэглэгчийн) ямар хэрэгцээ хангагдаж чадахгүй байна вэ? Эдгээр хэрэгцээг хангахын тулд та юу хийж чадах вэ?

Үнийн бодлого

Танай бизнест бодитой, санхүүгийн хувьд үр ашигтай урт хугацааны маркетингийн стратеги боловсруулахын тулд одоогийн болон ирээдүйн санхүүгийн төлөвлөгөө гаргаарай. Зөв үнийн бодлого баримталснаар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд нийлүүлэхэд илүү хялбар, үр ашигтай байдаг.

  • Нэгж бүтээгдэхүүний ашиг ч үгүй, алдагдал ч үгүй үйлдвэрлэлийн зардлаа нөхөх үнэ хэд вэ?
  • Таны төлөвлөсөн үнийг зах зээл хүлээн авах чадвартай юу?
  • Та зах зээлийн байр сууриа нэмэгдүүлэхийн тулд ашгийн хэмжээгээ бууруулахад бэлэн үү?
  • Танай маркетинг, борлуулалтын зардлын төсөв хэд вэ?
  • Хэзээ үнээ өсгөж, хэзээ хямдрал зарлах уу?

Зорилго

Энэ хэсэгт ямар зорилгоор маркетинг, сурталчилгаа хийх гэж байгаа зорилгоо тодорхойлж өгөөрэй. Маркетингийг заавал шууд борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор хийдэггүй бөгөөд жишээлбэл дараах зорилтуудыг тавьж болно:

  • Борлуулалтын тоо, хэмжээ
  • Шинэ хэрэглэгчдийн тоо
  • Хандалтын тоо
  • Орлого
  • Зах зээлд нэвтрэх
  • Брэндээ таниулах

Үйл ажиллагааны төлөвлөгөө

Эцэст нь дээр бичсэн бүх зүйлсээ дахин хараад зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд ямар ажлууд хийх ёстойгоо тодорхойл. Үүнд тухайн ажлыг хариуцах ажилтан, өртөг, цаг хугацаа зэрэг орно. Мөн танай бизнест тулгарч болзошгүй саад бэрхшээлүүд болон тэдгээрийг даван туулах шийдлүүдийн талаар бодолцож үзэх хэрэгтэй.

Бизнес эрхлэгчдэд зориулсан Сошл маркетинг, борлуулалтын танхимын сургалтанд таныг урьж байна. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.