Манлайллын үндсэн 5 ур чадвар

Орлого, ашигтай компанийг бий болгоход бизнес эрхлэгч та манлайллын ур чадварт зайлшгүй суралцсан байх хэрэгтэй. Энэ нь таны бизнесийн алсын харааг бодит болгох цорын ганц арга зам юм. Манлайллын үндсэн 5 ур чадварыг та бүхэнд танилцуулж байна:

  1. Алсын хараагаа зөв тодорхойлж чаддаг

Алсын хараа бол бизнесийн ирээдүйтэй холбоотой төсөөлөл, итгэл үнэмшлээ боловсруулах чадвар юм. Иймд манлайлах ур чадварыг эзэмшсэн удирдагч алсын хараагаа зөв тодорхойлж, боломжийг олж харан, үргэлж өсч, хөгжихийг эрмэлзэж байдаг. Өөрөөр хэлбэл, та бизнесийнхээ ирээдүйг ямар болохыг дүрсэлж харж чаддаг, түүнийгээ багийнхандаа ойлгуулж чаддаг байх ёстой.

  1. Асуудалд шийдэл олж чаддаг

Та дарамт шахалтад орсон үедээ зөв шийдвэр гаргаж чаддаг уу? Манлайлах ур чадварыг эзэмшсэн удирдагч асуудал тулгарсан үед юу чухал болохыг олж харан, боломжит хувилбаруудыг харьцуулан дүн шинжилгээ хийж, бодитой шийдвэр гаргаж чаддаг.

  1. Стратегич сэтгэлгээтэй

Том зургаар хардаг бай. Хүчтэй удирдагч өөрийн мөрөөдөл, алсын хараагаа хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй, түүнийгээ хэрэгжүүлэх стратегитай байдаг.

  1. Итгэл үнэмшилдээ бат зогсдог

Алсын хараа, зорилгодоо хүрч чадна гэсэн бат итгэлтэй байдал нь ямар ч хэцүү, саад бэрхшээлтэй үед тууштай байх эрч хүчийг өгдөг.

  1. Бусдад урам зориг өгч чаддаг

Манлайллын хамгийн чухал чадвар бол бизнесийнхээ үнэ цэн, утга учрыг илэрхийлэх чадвар юм. Танай компани алсын хараа, зорилгодоо хүрэх нь танд болон танай баг, хамт олонд ямар утга учиртай вэ? Энэхүү асуултанд л хариулт өгч чадвал танай хамт олон өөрсдийн ажлын утга учрыг илүү ойлгож, өдөр тутам ажлаа хийж байхдаа урам зоригийг мэдрэх болно.

Заавал манлайлагч бай, бусдыгаа манлайл гэх нь танд дарамттай санагдаж магадгүй. Гэхдээ бизнес эрхлэгч хүний хувьд баг, хамт олон, үйлчлүүлэгчид, гэр бүлийнхнийхээ амьдралыг сайн сайханд хөтлөх нь бидний үүрэг байдаг. Та өөртөө итгэлтэйгээр бизнесээ удирдах тусам тэдний амьдрал улам сайхан болно. Иймд та манлайлах ур чадварыг эзэмшсэнээр бизнесээ хаашаа, хэрхэн удирдан чиглүүлэхээ олж мэдэх бөгөөд цаашид зүгээр л гүйцэтгэх ажил үлдэнэ.

"Удирдагч хүнд байх ёстой цорын ганц чухал ур чадвар бол манлайлал юм." - Антони Жэй